Хятадад хээл хахуулийн хэргээр 300,000 хэрэгтнийг шийтгэжээ

2016 оны 3 сарын 7

 

Хятадын Коммунист намын мэдэгдсэнээр тус улсад өнгөрсөн жил хээл хахуулийн хэрэгт холбогдсон 300,000 хэрэгтнийг шийтгэсэн байна. Хятадын эрх баригч намын Хяналтын хорооны албаны хүний хэлснээр тэдгээр хэрэгтнүүдийн 200,000-д нь хөнгөн шийтгэл оноож, 82,000-д нь торгууль ноогдуулах буюу албан тушаалыг нь бууруулах зэрэг арга хэмжээ авсан гэнэ.

 

Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батын Төв комисс авсан арга хэмжээний талаар ингэж тайлагнах нь маш ховор боловч албан ёсны вэб хуудсандаа хээл хахуулийн гэмт хэргийн талаар авч буй арга хэмжээний талаар цухас мэдээлсэн байна.

 

Хятадын дарга Си Жинпинь тус улсын эрх баригч Коммунист нам, Засгийн газар, цэрэг арми, төрийн байгууллагууд зэрэг нийгмийн бүх давхаргад үүрлэсэн авилга хээл хахуулийг устгахад онцгой ач холбогдол өгч байгаа билээ.

 

Хятадад авлигын эсрэг кампанид ажилд хэдэн зуун мянган албан хаагч нэгдэж, шалгуулж байгаа боловч илчлэгдсэн нь маш цөөн гэнэ. Одоогийн байдлаар 1567 албан тушаалтан авлигын хэргээр шалгуулж байгаа бөгөөд тэдний заримыг Коммунист намаас хөөж, ял оноогоод байгаа гэнэ.

 

Хятадын авлигын эсрэг кампанит ажлын хүрээнд илчлэгдсэн хэргүүдээс хамгийн их шуугиан дэгдээсэн нь Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Намын улс төр, Хуулийн төв хорооны нарийн бичгийн дарга Жоу Юнканы хэрэг юм. Түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна