“Усан хөшигний ажлаасаа ухрахгүй”

2016 оны 3 сарын 7

Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч, хөгжсөний 103 жилийн ойг “Мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглал” сэдвийн дор өнгөрсөн Баасан гаригт /2016.03.04/ тэмдэглэн өнгөрүүлэв. Сэдвийн хүрээнд орон нутгийн төр захиргааны байгууллага ямар ажил хийж буй  талаар нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр ярилцсан юм. Нээлттэй засаглалын форумд 1000 сэтгүүлчийг урьж оролцуулсан бөгөөд Э.Бат-Үүл даргатай хотын багийнхан нийслэлийн бүтээн байгуулалтын ажлаа танилцуулсан. Форумын эхэнд хотын удирдлага “Та бүхний мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болдог” хэмээн тодотгосон бөгөөд уулзалтад оролцсон сэтгүүүлчид болон иргэдийн зүгээс хотын бүтээн байгуулалттай холбоотой цөөнгүй асуултад хариу авсан. Асуулт хариултыг товч сийрүүлэн уншигчдадаа хүргэе.

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч С.Шаравдорж:

-Нээлттэй ил тод засаглалын уулзалт форумыг Улаанбаатар хотоос эхлүүлж байгаа нь санаандгүй хэрэг биш болов уу. Нийслэлийн удирдлагууд хийсэн үгтэй, хэлэх ажилтай байгаагийн илрэл биз. Улаанбаатар хот хэдэн төгрөгийн төсөвтэй байдаг вэ. Нийслэлийн орлого, зарлагын бүтцийн талаар мэдээлэл өгнө үү?

НИТХ-ын дарга Д.Баттулга:

-Нийслэл Улаанбаатар хот ойролцоогоор 500 тэрбум төгрөгийн төсөвтэй. Төсвийн 70 орчим хувийг Хүн амын орлогын албан татвараас бүрдүүлдэг. Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж буй хүн бүрийн цалингийн 10 хувь гэсэн үг л дээ. Үлдсэн хэсгийг газрын төлбөр, автозам ашигласны төлбөр гэх мэтээс  бүрдүүлдэг юм. 500 тэрбум төгрөгийн тэн хагас нь урсгал зардалд урсдаг. Түүн дотор оюутан сурагчид, ахмад настнуудын унааны хөнгөлөлтөд зарцуулагддаг. Харин үлдсэн 250 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтад зориулагддаг. Зам засвар, тохижилт үйлчилгээ, гүүр барих гэхчилэн бүхий л бүтээн байгуулалтын ажилд 250 тэрбумыг хуваан өгдөг. Сүүлийн үед төр хувийн хэвшлээ дэмжье, хувийн хэвшлийнхэн маань орчин тойрноо тохижуулдаг болъё гэсэн бодлого хэрэгжүүлж байгаа. Үүний хүчинд өнгөрсөн онд л гэхэд 43 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгж байгууллагад тохижилтын ажилд зарцуулсан. Энэ бол бага тоо биш.

Ахмад сэтгүүлч Л.Гүнсэн:

-Ахмад сэтгүүлчийн хувьд өнөөдөр зохион байгуулж байгаа нээлттэй хэлэлцүүлэгт талархаж байна. Ахмад сэтгүүлчийнхээ хувиар олон зүйлийг хэлж болох ч энэ удаа би эгэл жирийн ахмад настны хувиар хоёр зүлйиг тодотгон асууя.  Би Хан-Уул дүүрэгт 52 жил амьдарч байгаа хүн. Дүүргээ би Улаанбаатар хотын үүд хаалга гэж боддог юм. Энэ жил өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулна гэж байгаа болохоор түүнээс наана шийдэж өгөөч гэж дараах зүйлсийг санал болгоё. Нэгдүгээрт 120 мянгатад тавьсан гүүрэн гарцны цахилгаан шатыг ажиллуулж өгөөч. Хөл муутай, алхаж гишгэж чаддаггүй хүмүүс тэр гарцаар гарах нь жинхэнэ там болж байна. Хоёрдугаарт, шинээр орон сууцууд баригдаж байгаа нь сайн боловч хуучин сууцны халаалт дулаан эрс муудаж байгааг анхаарна уу. Шинэ сууцныхан халууцаад цонхоо онгойлгон өвөлжиж байхад хуучин сууцныхан хөвөнтэй дээл өмсөхгүй л бол жиндээд байдаг болсон. Үүнийг анхаарна уу?

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

-Зам дээрх гүүрэн гарцыг хэд хэдэн газарт байгуулсан. Тэдгээрээс 120 мянгат болон Бөмбөгөрийн гарцыг цахилгаан шаттайгаар хийсэн.Цахилгаан шатыг байнга ажиллуулах үүргийг Улаанбаатар нэгтгэл хариуцдаг. Түүнийг байнга ажиллуулахад анхаарах үүргийг тус компанид өгч эргэн хариу өгье.

120 мянгат, үйлдвэрийн орчмын хуучин орон сууцны халаалт дулааны доголдлыг бид мэдэж байгаа. 19 дүгээр хорооллоос гадна 220 мянгат буюу тавдугаар  хорооллын иргэдээс халаалт өмнөхөөс буурсан гэсэн гомдол ирж байгаа. Өнгөрсөн онд Амгалан дулааны станцын үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ оны намраас Амгалан дулааны станцыг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж, халаалт дулаан доголдсон газруудад дулааныг нэмж өгөх болно. Амгалан станц нь 50 мянган айл өрх, 200 мянган хүнийг дулаанаар хангах боломжтой. Тиймээс ирэх өвлөөс та бүхэн дулаан өвөлжих болно.

-Нийслэлийн Засаг дарга нарын мөрийн хөтөлбөр хэдэн хувийн биелэлттэй байгаа вэ?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт 84 хувьтай байгааг мэдээлж байсан.

Сэтгүүлч  В.Есөнтөмөр:

-Сүхбаатар дүүрэгт хяналтын камер тавих тендерт ширхэг хадаас барьж ч үзээгүй компани шалгарсан байдаг. Энэ мэт ашиг сонирхол, авлигатай холбоотой гомдлууд хэр олон гарсан бэ?

НИТХ-ын дарга Д.Баттулга:

-Сүхбаатар дүүрэгт явагдсан тендерийн талаарх мэдээллийг яг үнэндээ би анх удаа сонсож байна. Тендерийн шалгаруулалтыг дүүрэг хариуцдаг болсон. Тиймээс бид шалгаруулалтын үнэн худлыг төдийлөн мэдэхгүй байна. Үнэхээр шударга бус шалгаруулалт байсан эсэхийг бид тодруулна. Худалдан авах ажиллагаа, тендертэй холбоотой гомдол гарсан. Гарч ч байгаа. Тэр бүгд холбогдох хууль хяналтын байгууллагаар шийдэгдээд явдаг номтой. Захиргааны шугамаар гарсан гомдол саналыг бид шийдвэрлээд үнэхээр хуудуутай тохиолдолд тендерийг дахин зарладаг. Тэгж ч байсан.

Иргэн Тулгаа:

-Нийслэлийн Засаг дарга олон орлогчтой байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү. Засгийн газраас Нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байхаар тогтоосон хэдий ч одоо зургаан орлогчтой ажиллаж байгаа нь хэр шударга хэрэг вэ?

НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга:

-Засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуульд тухайн орон нутагт ямар хэмжээний бүтэц бүрэлүдэхүүнээр юү хийх вэ гэдгийг нутгийн удирдлагын байгууллага нь өөрөө шийдэхээр заасан байдаг. Иргэдээсээ сонгогдсон ИТХ бүтэц бүрэлдэхүүнээ сонгох эрхтэй гэж заасан байтал нийслэлийн Засаг даргыг хоёр орлогчтой байхаар УИХ тогтоол гаргаж, Засгийн газарт үүрэг болгосон нь хууль зөрчсөн хэрэг. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуулиар ИТХ-ын шийдэх асуудал гэж заасан байтал түүнийг зөрчсөн үйлдлийг УИХ, Засгийн газар гаргасан хэрэг юм. Ер нь бол нийслэлийн Засаг дарга хэдэн орлогчтой байхаас илүү хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүн л чухал шүү дээ.

-Улаанбаатар хэзээ метротой болох вэ?

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр:

-Улаанбаатар хотод метро байгуулах ТЭЗҮ-г боловсруулж дууссан. Монгол Улс, Япон улсын Засгийн газрын хэлэлцээр явагдаж байна. 263 сая ам.доллар жилд олох ашигтай ТЭЗҮ боловсруулаад байгаа. Зураг төсөлд тусгаснаар метро Толгойтоос 25 дугаар эмийн сан хүртэл ил яваад, 25 дугаар эмийн сангаас Зүүн 4 зам хүртэл 6,6 км газар доогуур яваад ил гарч ирээд, Амгалан хүртэл ил явахаар ТЭЗҮ хийгдсэн. Хоёр улсын Засгийн газрын өрийн таазын асуудлаас үүдээд метро байгуулах ажил бага зэрэг саатсан. Цаашдаа метроны ажлыг яаравчлан, улсын нийслэлээ бусад нийслэлийн адил метротой болгоход онцгой анхаарч байгаа.

-Улаанбаатар хотын төвд байрлах Арслантай гүүрэн дээр усан хөшиг байгуулах ажилд хэчнээн төгрөгийн зардал гаргасан бэ. Зарцуулсан үнийн дүн багагүй ч үр дүн тааруу байх шиг санагддаг. Энэ онд усан хөшгийг жинхэнэ утгаар нь ажиллуулахад анхаарах уу. Усан хөшиг байгуулснаар агаарын бохирдол буурч, агаарт чийгшил өгнө гэдэгт итгэлтэй байгаа юу?

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга  Б.Бадрал

-Бид яг таны тодорхойлсончлон агаарны бохирдол бууруулах, агаарт чийгшил өгөх зорилгоор л усан хөшиг байгуулж байгаа. Улаанбаатар хотын хувьд  Арслантай гүүр, Зайсангийн гүүрэн дээр  усан хөшиг байгуулахаар төхөөрөмж суурилуулаад байгаа. Үүнийг ажиллуулна. Усан хөшгийг манай монгол инженерүүд өөрсдөө зохион бүтээж, дотоод нөөц бололцоогоо ашиглан бий болгож байгаа. Гэтэл бидний ажлыг БНСУ, Бангкокт тавьсан усан хөшигтэй харьцуулж шүүмжлэх болсон. Бангкокийн гүүр л гэхэд 180 сая ам.доллараар боссон, 1,4 км гүүрийг манай Арслантай гүүртэй харьцуулсан. Гэтэл бид усан хөшиг байгуулахад 70 сая төгрөг зарцуулсан. Тэрхүү мөнгөний ихэнх хэсэг нь усан хөшиг ажиллуулах цахилгаан насост зарцуулагдсан юм. Ус шахах гидро төхөөрөмж байгуулахад зөндөө хөрөнгө зарцуулсан. Энэ бүхнийг хүмүүс мэдэхгүйгээс ихэд шүүмжилдэг. Гэвч бид шүүмжиллээ гээд шантрахгүй. Эхэлсэн ажлаа гүйцээнэ. Зайсангийн гүүрэн дээр л гэхэд монтажийн ажил хийсний маргааш нь шуудай үүрсэн хэсэг хүмүүс зэс толгойг нь хулгайлаад авч байх жишээтэй. Энэ мэт саад бэрхшээл зөндөө бий. Гэхдээ бид бэрхшээл тоочих биш бүтээе гэсэн сэтгэлээр л ажиллаж байна гэсэн хариултыг өглөө.

Форумын үеэр хотын удирдлагуудаас асуух асуулт олон байсан ч төлөвлөсөн цаг, дараагийн ажлаас шалтгаалаад бусад асуулт, санал хүсэлтийг бичгээр авахаар болсон юм.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна