Банкны Чука

2016 оны 3 сарын 7

Өнөөдрөөс яг гурван сарын өмнө би түүнээс ярилцлага авч байсан юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд хэрхэн татах, эдийн засгийн хямралаас яаж гарах, эх орноо хэрхэн хөгжүүлэх тухай удаан ярилцсан. Баялгаа хэрхэн зөв ашиглах, үүний тулд төрийн оролцоог багасгаж, хувийн оролцоог дэмжих чиглэлээр тэрбээр байнга л ярьдаг байлаа.

Улс төрөөс ангид эдийн засгийн бүхий  л чиглэлээр түүнтэй ярилцаж, дараа дахин уулзахаар товлож байснаас хойш гурван сар өнгөрчээ. Тэр ярилцлага О.Чулуунбат гуайн хэвлэлд өгсөн хамгийн сүүлийн ярилцлага болох юм гэж хэн хэн маань яаж төсөөлөх билээ.

Түүний бие тийм ч сайнгүй. Сэтгэл санаа нь бүр ч тавгүй байсан юм. Гэвч, асуугаагүй.  “Хүний зовлонгоор жаргал битгий хийж байгаарай” гэж ээжийн минь хэлдэг тэр үг миний үзэгний үзүүрт “зөөлөвч” болж явдаг болохоор тэр. Харин О.Чулуунбат гуай “Сая доллар цүнхлээд гардаг мөнгө биш шүү дээ” гэж ганц өгүүлбэр хэлсэн. Тэр нь “Би тэр мөнгийг аваагүй” гэсэн утгатай байсныг би ойлгосон л доо.  Үнэхээр ч сая доллар цүнхлээд гардаг мөнгө ч биш л дээ. Сая доллар дансаар шилжүүллээ гэхэд манай цагдаа, хууль хяналтынхны хараанаас хаа холдохов. “Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэлээр үхэж сэтгэлээр эдгэрдэг юм байна” гэсэн түүний үг одоо ч миний чихэнд сонсогдох шиг. Хүний орчлон мөнх бус. Тийм болохоор л  “Амьддаа бие биеэ хайрла” гэж...

Түүнтэй ярилцлага хийх болгонд тэр дандаа төрийн дарамтыг багасгахгүйгээр үндэсний үйлдвэрүүд хөгжихгүй гэдэг байв. Гааль, татвар, мэргэжлийн хяналт гээд давхар, давхар шалгалт, төрийн шат, шатны дарамтууд манай эдийн засагт хэрхэн “гай” болж байгааг олон, олон жишээн дээр тайлбарладаг байв.  Тэр нь үнэхээр ч үнэн байдаг байлаа.

Түүнийг элдвээр л бичдэг. Элдвээр шүүмжилдэг. Гэвч тэр хэзээ ч шүүхдэлцэж, сэтгүүлчийг дарамталж, шалчигнаж байгаагүй юм. Миний мэдэх тэр хамгийн чөлөөт нэгэн байсан. Өөрийг нь шүүмжилсэн ч төдийлөн эсэргүүцдэггүй, ямар нэгэн тайлбар араас нь хийдэггүй. Бас хов жив хөөцөлдөөд ч байдаггүй. “Таны талаар тийм, ийм мэдээ гарчээ” гэхэд маань хүртэл тайван хүлээж авдаг, тэр хэрээрээ ч өөрийгөө хов живнээс хол байлгахыг хүсдэг байсан байх. Ямар ч байсан хэн нэгэн сэтгүүлчтэй зарга үүсгээд, шүүхдэлцээд явж байна гэж би лав сонсоогүй.

“Таныг элдвээр бичдэг. Та хэзээ ч үнэн, худлаа гэсэн тайлбар хийдэггүй шүү дээ” гэж  асуухад маань “Би ер нь хэвлэл мэдээллийн ч бай, олон нийтийн ч бай ямар нэгэн шүүмжлэлд их чөлөөтэй ханддаг хүн л дээ” хэмээн хэлж байсан нь саяхан мэт. Тэр амьдралд хайртай шигээ бусдад хайртай нэгэн байсан. Тэр асуудалд тайван чөлөөтэй ханддаг шигээ бусдад яг тэгж л ханддаг байсан.

“Банкны Чука”. Тиймээ тэр УИХ гишүүн байхдаа ч Эдийн засгийн  хөгжлийн дэд сайд байхдаа ч “банкны” гэх овгоосоо салаагүй. Тэр сайн банкир, сайн эдийн засагч байсан.

Харамсалтай нь өнөөдөр бүх зүйлийг, О.Чулуунбат гэх хувь хүний амьдралыг байсан гэдэг өнгөрсөн цаг дээр бичиж суухын чинээ бодсонгүй.

Хамгийн сүүлд ярилцлага өгч байх үедээ тэрбээр “Би дахиж улс төр рүү орохгүй” гэж хэлж байсан нь тодхон үлджээ. Тэр үр хүүхдээсээ, Монголоосоо нэг л өглөө үүрд явчихаж.

Хүний амьдрал богино. Ирж буцахын орчлонд хэн ч мөнх биш. Иймээс хэн нэгний тухай дурсвал зөвхөн сайнаар л дурсаарай.

Түүний тухай нэгэн сэтгэгдэл өмнө минь байна. “Тэр жинхэнэ огторгуйд халин дүүлж, эрсдэл дээр мөнгө босгодог эр хүн байлаа” гэж. Тиймээ, тэр жинхэнэ банкир байсан.  Уртын урт, холын хол аян тань ум сайн амгалан болтугай.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна