Цахилгаан шатан дотроос цогцос олджээ

2016 оны 3 сарын 7

 

Хятадад цахилгаан шатан дотор нэгэн эмэгтэй нас барсан байсныг нэг сарын дараа олсон гэнэ. Цахилгаан шатанд хүн байгаа эсэхийг шалгалгүй, ажилчид цахилгааныг гэнэт тасалж орхисноос уг харамсалтай хэрэг гарчээ.

 

Сиань хотын нэгэн барилгын цахилгаан шат гацаад байгаа тухай гомдол ирсний дараа цахилгаан шатны ажилчид цахилгааныг нь тасалж орхисон байна. Цахилгаан шат хариуцсан ажилчин жижүүрлэх ёстой байсан ч Цагаан сарын баяр давхацсанаас жижүүрээ тасалсан байжээ. Цахилгаан шатыг унтрааснаас хойш хэдэн долоо хоногийн дараа гуравдугаар сарын 1-нд тэднийг ирэхэд цахилгаан шатан дотор 43 настай эмэгтэй нас барсан байхыг олсон байна. Цахилгаан шатанд үлдсэн эмэгтэй гарах гэж амь тэмцэж байсныг гэрчилж, цахилгаан шатны дотор ханан дээр түүний гарын мөр, хурууны хээ үлдсэн байжээ. Ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж хүний амь нас хохироосон энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа талаар Гаолин дүүргийн удирдлага мэдээлсэн байна. Цахилгаан шатны ажилчид цахилгааныг таслахаас өмнө цахилгаан шатан дотор хүн байгаа эсэхийг асууж хашгирсан боловч ямар ч хариу өгөөгүй гэж мэдүүлээд байгаа гэнэ.

 

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна