Ардчилсан намын хөзөр

2016 оны 3 сарын 7

Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилсан нь гуравхан сарын дараа болох сонгуульд өөрчлөлт орж магадгүй болоод байна.

Өнгөрөгч Даваа гаригт болсон ээлжит хуралдаанаараа Засгийн газар энэхүү тогтоолын төслийг хэлэлцээд “Тусгайлан өгөх санал алга” гэдгээ мэдэгджээ. Хууль санаачлагчийн зүгээс энэхүү тогтоолын төслийг санаачилсан шалтгаанаа “Хөдөө орон нутгийн тойргийн мандатыг хот руу татах нь засаг захиргааны нэгжийг харгалзан үзэх үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэж шүүмжлэл багагүй гарсан ч энэ асуудал УИХ-аар дэмжигдээгүй. Тиймээс нэрсийн жагсаалтаар сонгогдох мандатаас нийслэл рүү шилжүүлж болох, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж  гишүүдийн тоог нэмэх замаар сонгогчдын төлөөллийг тэнцвэржүүлэх боломжтой” хэмээн тайлбарлаж, тун удахгүй хуулийн төслөө УИХ-д өргөн барихаа дуулгав. Уг тогтоолын төслөөр жагсаалтын 28-аас зургааг хасч, нийслэлийн зургаан дүүрэгт нэг, нэг мандат нэмэх бөгөөд хэрвзээ энэ хуулийн төсөл УИХ-ын дэмжлэгийг авбал сонгууль холимог системээр, гэхдээ 54:22 гэсэн хувилбараар явагдах юм.

Харин энэхүү хувилбар хэн илүү ашигтайгаар эргэх вэ? Шинэ оны өмнөхөн Сонгуулийн тухай хуулийг яаран сандран хэлэлцэж батлахдаа “Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуулийн төслийг хэлэлцэж батална” гэсэн заалтыг мартаж, гээсэн шалтгаан ердөө энэ.

Сонгуулийн хуулийг хэлэлцэх үед хөдөө орон нутгийн мандатыг цөөлж, нийслэлийн мандатыг нэмэх НИТХ-ын дарга Д.Баттулгын санаачлагыг АН дэмжиж, МАН эсэргүүцэж байсан бөгөөд “Хөдөөгийн нэг сумын хүн ам хотын нэг хорооны хүн амаас хэд дахин цөөн, тиймээс нийслэлийн мандатыг нэмэх” АН-ын тайлбар ч тэр “Хөдөө орон нутгийн тойргийг цөөлбөл, орон нутаг эзгүйрнэ” гэсэн МАН-ын эсэргүүцэл ч тэр, аль аль нь үндэслэлтэй,  гэхдээ аль, аль нь өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан улс төр хийсэн нь үнэн.  Хэрэв Б.Баттулга даргын санаачлага дэмжигдсэн бол улаан голдуу тойргийн мандат нэгээр цөөрч, Увс, Төв, Завхан, Говь-Алтай, Дорнод, Хэнтий зэрэг найман тойрог нэг мандаттай болох байв. Гэвч, мэдээж Ардын намынхны ихээхэн эсэргүүцэлтэй тулгарснаас энэ асуудал хуучин хэвээрээ үлдсэн.

Гэвч хууль батлагдаад гурван сарын дараа эрх баригч намын бүлгийн дэд дарга энэ асуудлыг дахин  сөхөн, сонгуулийн өмнө бас нэгэн хэрүүлийн алим тариад буй шалтгаан юу вэ? Тэгвэл жагсаалтын тоог цөөлж, нийслэлийн мандатыг тоог нэмэх нь МАН-д гэхээсээ АН-д илүү ашигтай. Өнгөрсөн сонгуулиудын санал хураалтаас харахад Ардчилсан нам нийслэлд илүү рейтингтэй бол МАН хөдөө орон нутагт рейтинг өндөртэй.

Төсөл санаачлагч энэхүү нэмэлт өөрчлөлт нь сонгуулийн  хуулийн үндсэн концепци бүтцийг өөрчлөхгүй хэмээн үзэж байгаа аж. Харин хуулийн төсөлтэй холбоотойгоор МАН-аас ямар нэгэн тайлбар хийгээгүй ч, хэрэв УИХ дээр уг хуулийн төслийг хэлэлцэх үед эсрэг санал өгөх магадлалтай.

Харин гуравдагчид буюу жижиг намуудын хувьд жагсаалтаар УИХ-ын гишүүн болох магадлал бүр буурч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, оймсонд хавчуулагдан ордонд орж ирэгсэд байхгүй болно. Пропорциональ системийн алдааг засахын тулд Сонгуулийн хуулиар тойрогт ялалт байгуулаагүй намын жагсаалтаар суудал эзэлдэг боломжийг хумисан. Дээр нь сонгуулийн сурталчилгааг 17 хоногт явуулахаар болсныг давхар тооцвол гуравдагчдын хувьд гарах магадал бүр хумигдаж байгаа юм.

Нийслэлийн зургаан дүүргийн мандатын тоог нэмэх тогтоолын төслийг МАН-ынхан дэмжинэ гэж хууль санаачлагч найдаж байгаа учир нь, шинэ оны өмнөхөн Сонгуулийн хуулийг хэлэлцэх үеэр УИХ-аар тойргийн мандаттай холбоотойгоор МАН болон бие даагч гишүүдээс намын нэрсийн жагсаалтаар сонгогдож байгаа асуудлыг ард түмэн эсэргүүцэж байна гэж ихээхэн шүүмжилсэнтэй холбоотой.

Тиймээс сөрөг хүчний өмнөх шүүмжлэл дээр нь эрх баригчид тоглолт хийн өөрсдийнхөө бодлогыг ийнхүү тулгаж байна.

Хэрэв энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх үед МАН дэмжихгүй байх ганц л тайлбар бий. Тэр нь Сонгуулийн хуулийг зургаан сарын өмнө хөндөхгүй гэсэн хуучин заалтаар түрий барих. Түүнээс өөрөөр энэ тогтоолын төсөл парламентаар орвол батлагдах магадлал 80 хувьтай. Ардчилсан намын 35 кноп дээр ИЗНН-ын хоёр, “Шударга ёс” эвслийг нэмбэл ээлжит бус чуулганыг бойкотлоод ч Ардын намынхан Ж.Амарсанааг аварч чадаагүйтэйгээ адилхан болно.

Иймээс эрх баригчдын сонгуулийн гол хөзөр нь Ардын намынхны яриад байгаа хар машин нь биш. Хар машинаар сор залаад, 50 хувьд нь гараар тооллого хийлээ гээд ямар ч ялгаа байхгүй. АН-ын сонгуулийн гол хөзөр бол нийслэлийн төвийн зургаан дүүргийн мандатыг нэмэх. Рейтингээ бодсон ч энэ нь эрх баригчдад илүү ашигтай. Ингэснээр АН нийслэлд ялж чадвал энэ сонгуулийн ялагч болно гэсэн үг юм.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна