“Бяцхан хун”-гууд ээжээ баярлуулав

2016 оны 3 сарын 7

Монголын балетын хөгжил сангийн дэргэдэх  “Монголын шинэ балет” сургуулийн “Бяцхан хун”-гууд Мартын 8-ныг тохиолдуулан ээж нартаа тайлан тавьж, сурсан мэдсэнээ танилцууллаа. Шинэ балетын сургууль 2015 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн хэдий ч суралцагчдын тоо хэдэн арваар тоологдож, нас насны хүүхдүүдийг балетын урлагтай танилцуулж байгаа юм.

Балетыг саяхан болтол биднээс алс, сонгодог, сондгой  урлаг мэтээр үздэг байсан. Дуурь, балетаар хичээллэгчид, дуурийн дуучид, балетын жүжигчид нь төдийгүй сонгодог бүтээлийг сонирхон үзэгчид нь хүртэл биднээс ангид тусдаа төрдөг мэтээр ойлгож байсан цаг үе ард үлдэж, сонгодог урлагийг хүүхдүүдэд багаас нь танилцуулах үйлсэд “Монголын шинэ балет” сургууль хувь нэмрээ оруулж эхэлжээ. Тус сургуулийн үндэслэгч нь дэлхийн шилдэг найман балетчины нэг, Монгол Улсын Соёлын элч, МУГЖ Д.Алтанхуяг. “Монголын шинэ балет” сургууль үүд хаалгаа нээгээд удаагүй ч балетаар хичээллэгч  “Бяцхан хун”-гууд  ээж нартаа баярын бэлэг барилаа. Шинэ балетын сургуулийн нээлттэй хичээлийн үеэр тус сургуулийн багш нартай уулзсан юм.

УГЗ Н.Энхтуяа:

-Балетын урлаг гэдэг бол хүүхдүүдэд гоо сайхан, уран сайхны өндөр дээд хэмжээний таашаал өгдгөөрөө онцлог урлаг. Балетчин хүн бол хөл гар уян зөөлөн, хөлийн үсрэлттэй, бүжиглэх авьяастай гэхчилэн бурхнаас заяасан төрмөл авьяастай байдаг. Үүн дээрээс хөдөлмөр, хичээл зүтгэл мэдээж чухал. Байгалиас заяасан авьяастай хүүхдүүдийг мэргэжлийн сонгодог урлагт татан оруулахад, шилж сонгоход балетын урлагийн сургуулиуд онцгой үүрэгтэй ажиллаж байгаа. Тэдгээрийн нэг нь МУГЖ Д.Алтанхуягийн санаачилсан “Монголын шинэ балет” сургууль юм. Д.Алтанхуяг бол миний шавь нарын нэг. Шавийнхаа санаачилга, зүтгэлийг дэмжих үүднээс би энэ сургуульд багшилж байгаа.

-Монгол хүмүүс намхан нуруутай, лагс биетэй гэхчилэн сонгодог урлагт тэнцэх нь цөөн байдаг. Гэтэл сүүлийн үед харьцангуй өндөр зэгзгэр, хөнгөн бие хаатай, нуруулаг болоод байх шиг санагддаг?

-Тийм шүү. Орчин цагийн хүүхдүүдийн биеийн өсөлт, хөгжил өөр болж байгаа. Түүн дээрээс сонирхогчдын балетын сургуулиуд олноороо үүсч, тэдгээрт эцэг эхчүүд хүүхдүүдээ хичээллүүлж байгаа нь балетын урлагийн хөгжилд томоохон дэм болж байгааг хэлмээр байна.

-Балетаар мэргэжлийн төвшинд хичээллэх хүүхдийг хэдэн наснаас шалгаруулж авдаг вэ?

-Манай Хөгжим бүжгийн сургуульд л гэхэд балетаар хичээллэх хүүхдүүдийг зургадугаар ангиас шалгаруулж авч байгаа нь насны хувьд оройтоод байгаа юм. 8-10 наснаас нь шалгаруулж авбал илүү үр дүнтэй санагддаг.

СТА С.Ганбат:

-Бид сургалтаа америк стандартад тулгуурлан явуулдаг. Манай сургуульд 6-16 насны хүүхдүүд суралцаж, балетын урлагийн гайхамшигтай танилцаж байна. Хэдийгээр нас, насны хүүхдүүдийг авч байгаа ч бага насны суралцагчдыг түлхүү авах сонирхолтой байгаа. Учир нь, хүүхдийг багаас нь балетаар хичээллүүлбэл ясны байрлалын хувьд зөв хөгжүүлэхэд дөхөмтэй байдаг. Багаасаа зөв суралцсан хүүхэд  бүжигчин боллоо гэхэд гэмтэл бэртэл багатай болох жишээтэй. Одоо суралцаж байгаа хүүхдүүдээсээ цаашид балетын урлагаар мэргэжлийн төвшинд хичээллэх боломжтой, хүсэл сонирхолтой хүүхдүүдийг шалгаруулах юм.

Хүн болгоны аз жаргал нь хүүхдүүд байдаг. Тиймээс олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нээлттэй хичээл, тайлан хийж, аав ээжид нь мэдээлэл өгч байгаа. Балетын сургуульд хүүхдээ хичээллүүлснээр ямар өгөөжтэй байна вэ, хүүхдийг балетаар хичээллүүлэх нь зөв үү, буруу юу гэдэг асуултад хариу өгөх үүднээс нээлттэй хичээлийг хийж байгаа юм гэлээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна