“Хөх сувд 2016” олон улсын мөсний баярт 8000 гаруй хүн оролцлоо

2016 оны 3 сарын 7

Сэтгүүлч:
Хөвсгөл

Монгол оронд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын улирлын хугацааг уртасгах, Азийн цэвэр усны томоохон нөөц Хөвсгөл далай, түүний орчмын нутгийн үзэсгэлэнт байгалийг хамгаалах, байгаль орчиндоо эвсэг, хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжин, орон нутгийнханд өвөл орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой “ХӨХ СУВД 2016” олон улсын мөсний баяр  17 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Хөвсгөл аймгийн  Алаг эрдэнэ сум, Хатгал тосгон, Хөвсгөл далайн зүүн өмнөд эргийн Доод модот буланд энэ сарын 3-4-ний өдрүүдэд болсон “Хөх сувд 2016” аялал жуулчлалын эвент арга хэмжээнд БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон, АЖБЗГ-ын мэргэжилтэн Ц.Гэрэлсайхан нар оролцож тус арга хэмжээг  аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон төлөвшүүлэхэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Мөсний баярыг Хөвсгөл аймгийн ЗДТГ, ТХГН-ийн захиргаа, нутгийн иргэд, жуулчны баазууд, тур операторуудтай хамтран жил бүр тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил БОНХАЖЯ-наас 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн юм.

Мөсний баярт дотоод, гадаадын олон зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн бөгөөд 8000 гаруй хүн хамрагдсан гэх тоон мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгсөн нь  жилээс жилд  оролцогчдын тоо нэмэгдэж, өргөжин тэлж буйг харуулж байна.

“Хөх сувд-2016” олон улсын мөсний баярын нээлтийн ёслол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, аймгийн засаг дарга А.Эрдэнэбаатар, БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон, Хатгал тосгоны ЗДТГ-ын дарга Б.Ганбаатар зэрэг албаны хүмүүс оролцсон юм.  

БОНХАЖ-ын сайдын зөвлөх А.Цолмон  олон улсын мөсний баярын нээлтийн үйл ажиллагаан дээр  нутгийн зон олон, аялагч, амрагч, салбарынхандаа хандан:  “Аялал жуулчлалын салбар нь дэлхий дээр хамгийн их ажлын байрыг бий болгодог, баялгийг тэнцвэртэй хуваарилдаг, орон нутгийн иргэдэд хүртээмж ихтэй, байгалийн менежментийг зүй зохистой ашигладаг бүтээлч салбар юм. Дэлхийн улс орнуудын адил манай орон ч мөн аялал жуулчлалыг хөгжүүлж байгаль орчинд ээлтэй, байгалийн болон соёлын өв дурсгалыг хайрлан хамгаалж, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг баримталж байна. БОНХАЖЯ-ны зүгээс аялал жуулчлалын салбарын хөгжлийг сааруулж байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн тулд хууль эрх зүйн шинэтгэлийн хүрээнд “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Казиногийн тухай хууль”, “Хурдан морины бооцоот уралдааны тухай хууль”ийн төслийг боловсруулан ажиллаж байна. Бид 2015 оны 06 дугаар сард 2016-2025 онд хэрэгжүүлэх “Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”, мөн “Ногоон хөгжлийн бодлого”-ыг батлуулсан. Мөн Германы сэргээн босголт банкны буцалтгүй тусламжаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөр Орчны бүсийн сан байгуулж орчны бүсийн иргэдэд бага хүүтэй зээлийг олгох, хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг дэмжих дэд төсөлд Хөвсгөлийн болон Улаан тайгын Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн Хамгаалалтын Захиргаа шалгарсан. Үүнээс гадна Азийн Хөгжлийн Банкны 3 сая долларын буцалтгүй тусламжаар “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх төсөл”-ийг энэ онд эхлүүлсэн талаараа дурдаад Орон нутгийн хөгжил улсын хөгжил болно гэдэгт би гүнээ итгэдэг, та бүхний ажил үйлс, энэхүү эвент баярын үйл ажиллагаанд амжилт хүсэе” хэмээсэн юм.

“Хөх сувд 2016” олон улсын мөсний баярын үеэр олон тэмцээн, уралдаан зохион байгуудагдсан бөгөөд баярт оролцогчсод мөсөн хотхоноор аялаж, мөсөн шагай харваж, морин чарга хөлөглөж, ”Mongolia bike challenge” дугуйчдын мөсөн үзүүлбэр зэрэг олон арга хэмжээнд хамрагдан, тоглож наадлаа.

”Mongolia bike challenge”-д Р.Хадбаатар ахлагчтай багийнхан оролцсон бөгөөд Хөвсгөл аймгийн Улсын Тусгай Хамгаалалттай газрын дарга Даваабаяр багийн нэг гишүүн байсан ба Хатгал-Ханхын  чиглэлд аяласан юм. Тэд ирэх  07 дугаар сард Хөвсгөл аймгийг тойрон аялахаар төлөвлөжээ.

Мөн энэ үеэр “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич асан Т.Лхагвасүмбэрэлийн гэгээн дурсгалд зориулж  мөсөөр түүний барималыг урласан байсан нь хурсан олны сэтгэлийн  утсыг хөндөж, түүний байгаль эх, ан амьтанаа гэх чин сэтгэлийг тольдон харуулж байлаа.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна