Батлан хамгаалах яамныхан уламжлал ёсоор спортоор өрсөлдлөө

2016 оны 3 сарын 7

Эрүүл мэнд, спортын яамнаас өнгөрсөн жил Батлан хамгаалах яамыг төрийн байгууллага дундаас спортод элэгтэй байгууллага хэмээх хүндтэй өргөмжлөл гардуулж байв. Батлан хамгаалах салбарынхан байнгын бэлтгэл сургуулилттай байдгийн хувьд Зэвсэгт хүчний анги болон харъяа аж ахуй нэгжийн албан хаагчдын дунд спортын тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Батлан хамгаалах яамныхан ч жил бүр албан хаагчдынхаа дунд спортын өдөрлөгийг зохион байгуулсаар ирсэн хамт олон. Энэ удаагийн тэмцээнийг Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас уламжлал ёсоор зохион байгуулсан бөгөөд тэмцээнд яамны газар хэлтсүүд, харъяа нэгжийн удирдлагаас бүрдсэн зургаан багийн тамирчид буудлага, сагсан бөмбөг гэсэн хоёр төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Тэмцээн "Монгол цэргийн өдөр", орчин цагийн Зэвсэгт хүчний 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсанаараа онцлог. Буудлагын төрөлд зургаан багийн тамирчид өрсөлдснөөс Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, тус газрын мэргэжилтэн Г.Лүндэн нар онч мэргэн гэдгээ харуулж тэргүүлэв. Хоёрдугаар байранд Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, тус газрын хэлтсийн дарга, хурандаа С.Ганбямба нар орсон бол Төрийн захиргааны удирдлагын газрын тасгийн дарга, дэд хурандаа Д.Энхсайхан, тус газрын мэргэжилтэн, ахлах дэслэгч Ц.Даваа-Аюуш нар гуравдугаар байр эзэллээ. Харин сагсан бөмбөгийн төрөлд зургаан баг тамирчид оролцсоноос Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, дэд хурандаа Э.Бямбажав ахлагчтай тамирчид тэргүүлж, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, хурандаа Д.Ганхуяг ахлагчтай тамирчид хоёрдугаар байр, Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа Д.Номт ахлагчтай харъяа аж ахуйн нэгжийн тамирчид гуравдугаар байр эзэлсэн байна. Ингээд хоёр тэмцээний нэгдсэн дүнгээр яамны Гадаад хамтын ажиллагааны газрын хамт олон тэргүүлж цомын эзэд болж, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрынхан хоёрдугаар байр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрынхан гуравдугаар байр эзэлсэн юм. Бусдыгаа түүчээлэн амжилттай оролцсон баг тамирчдад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан шагналыг нь гардуулж амжилт хүссэн. Тэрээр баг тамирчид өнгөтэй, тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болсныг онцолж байв. Өмнөх жилүүдэд БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын тамирчид гурван жил дараалан тэргүүн байр эзэлж үүрд хадгалах цомын эзэн болж байсан юм.