Хүчирхийллийг эсэргүүцэж залуус жагслаа

2016 оны 3 сарын 7

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн “Нэг тэрбумаараа тэмцье” тайван жагсаалыг зохион байгууллаа. Тусгаар тогтнолын талбайд тэд охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө ийнхүү дөрөв дэх жилдээ нэгджээ. Зөвхөн олноороо цуглаж жагсахаас илүү “Хувьсгалын төлөөх тэмцэл” сэдвийн хүрээнд зургийн урлагаар дамжуулан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө олон нийтийг уриалах нь чухал гэж иргэний байгууллагууд үзсэн байна.  Мөн тэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн хувилбарыг яаралтай батлахыг УИХ-аас шаардаж байгаа юм.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн жил 638 хүн эрүүл мэндээрээ, 12 хүн амь насаараа хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн 57 хувь нь нийслэл хотод 43 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна. Хүчирхийллийн хэрэг сүүлийн жилүүдэд өссөн учир хоёр  жилийн өмнө цагдаагийн байгууллагын дэргэд хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах түр байрыг ажиллуулж эхэлсэн байдаг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд тус байранд 259 эмэгтэй, 529 хүүхэд, таван эрэгтэй хүн түр оршин суужээ.

“Нэг тэрбумаараа тэмцье” буюу “ONE BILLION RISING” эсэргүүцлийн арга хэмжээ нь V-day хэмээх охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн идэвхтнүүдийн олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн аж.
Энэхүү үйл ажиллагаагаар нэг тэрбум охид, эмэгтэйчүүд болон тэднийг хайрладаг, дэмждэг хүмүүсийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө эсэргүүцлээ урлагаар дамжуулан тэмцэх, шаардахыг уриалдгаараа онцлогтой юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна