Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ

2016 оны 3 сарын 7

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гээс “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” хэлэлцүүлгийг өрнүүллээ. Монгол Улс улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог хангах үүднээс 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувийг эмэгтэй хүн байх хууль баталсан. Үүний үр дүнд 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Ингэснээр эмэгтэйчүүдийн оролцоог хангах үзүүлэлтээр дэлхийд 95-д жагсах болжээ. Монгол эмэгтэйчүүд улс төрд ороход нийгэм соёлын холбогдолтой хэд хэдэн бэрхшээл тулгарч байдгийг “Улс төрд Монголын эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” тайландаа БНОУХ дурдсан байх юм. Тухайлбал, Монгол өрхийн тэргүүн гэр бүлээ тэжээж, эмэгтэйчүүд нь ар гэрийн ажлыг ганцаараа нуруун дээрээ үүрдэг нь тэднийг эдийн засгийн хараат байдалд оруулж, улс төрд идэвхтэй оролцох боломжийг хязгаарлах болсон байна.

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо их байх нь иргэдийн амьдралд ойр шийдвэр гаргахад голлон нөлөөлдөг гэж судлаачид тайлбарлалаа. Эрэгтэй улстөрчид санхүү, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулдаг бол эмэгтэйчүүд байгаль хамгаалал, гэр бүл, хүүхдийн асуудлыг шийдвэрлэхийг зорьдог байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын эмэгтэй гишүүд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах тухай зэрэг гэр бүл, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллажээ.

Эмэгтэйчүүд төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү ажилладаг бол эрчүүд бизнесийн салбарт давамгайлдаг байна. Энэ нь эмэгтэйчүүд ажлаасаа чөлөө авч сонгуулийн кампанит ажил өрнүүлэх нөхцөлийг хязгаарладаг гэж БНОУХ-гийн судлаачид үзжээ. Мөн тэд Монголд үйл ажиллагаа явуулж буй ихэнх улс төрийн хүчин нэр дэвшигчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй тэднийг сонгуулийн кампанит ажлын санхүүжилтээ өөрсдөө гаргахыг шаарддаг нь эдийн засгийн хувьд хараат байдалд байдаг эмэгтэйчүүдэд хүндээр тусдаг гэж тайлбарлалаа.  Тиймээс энэ бүх асуудлыг шийдвэрлэх чиглэлээр Сонгуулийн болон бусад хууль, журамд өөрчлөлт оруулж, эмэгтэйчүүдийн улс төрийн чадавхийг бэхжүүлэх шаардлагатай болжээ. Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр иргэдийн амьдралыг дээшлүүлэх оновчтой бодлого боловсруулах нөхцөл бүрдэнэ гэдгийг БНОУХ-ээс зөвлөлөө.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна