“Хүүхэд хамгаалах үүрэгтэй улсын байцаагч томилно”

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

“Хүүхэд хамгаалах үүрэгтэй улсын байцаагч томилно”

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш 20 жилийн ойн босгон дээр Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж, баталсан юм. Энэ хуулийг батлуулахдаа улс орон даяар санал авахыг эрмэлзэж, нийтдээ 24600 санал авч нэтгэсэн аж. Эдгээр хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хүүхэд хамгаалах тухай хуулийн 6.3.4-т хүүхдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл аюул учруулахуйц уралдаан, тэмцээнд оруулахыг хориглох заалт орсон байна. Мөн хүүхдийн эрхийн төлөө ажиллах улсын байцаагчтай болох тухай тусгажээ. Уг хуулийн талаар С.Одонтуяа гишүүн мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учруулж болохуйц тэмцээн уралдаанд оролцохыг хориглоно гэсэн заалтыг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу? Морин уралдаан үүнд багтаж байгаа юу?

-Аливаа тэмцээн, уралдааныг нэр зааж оруулаагүй. Ер нь хүүхдийн амь нас эрүүл мэндэд аюул учруулахаар байвал хориглоно. Хөдөлмөрийн сайд, Эрүүл мэнд, спортын сайд нар хүүхдээр хийгэж байгаа тэвчишгүй хөдөлмөр, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй зүйлсийг тодорхойлсон жагсаалтыг батлах ёстой. Өөрөөр хэлбэл, ямар уралдаан тэмцээн хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй вэ гэх мэт. Мөн ХАХНХЯ, БСШУЯ энэ хуультай холбогдуулж хүүхдийн эрхийг хамгаалах тушаал шийдвэр гаргах ёстой.

-Гэр бүлийн уламжлалт харилцаагаар хүүхдээ хүмүүжүүлэх нь хүчирхийллийн шинжтэй үйлдэлд хамаарах уу? Хэрэв тийм бол хариуцлага хүлээх үү?

-Ганц цохисоны төлөө эцэг эхчүүд хариуцлага хүлээх заалт ороогүй. Үүнээс илүүтэй ноцтой байдлаар эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийг хамгаалах чиглэлд анхаарал хандуулна. Тодруулбал, эрсдэлт нөхцөлийн үнэлгээ хийдэг тусламжийн утас ажиллуулна. Мөн олон нийтийн сүлжээний ачаар иргэд мэдээлэл сайтай болсон, мөн мэдээллийг шуурхай түгээх боломжтой болсон. Энэ нь аливаа нэг сөрөг үйлдэл, хандлага руу олон нийтийн анхаарлыг татахад хялбар болгож байгаа. Үүнийг нь бүр хуульчлаад өгчихсөн.  Тодруулбал, хүүхдийн эрх зөрчигдөж буйг, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд байгааг мэдсэн иргэн заавал мэдэгдэх үүрэг хуулиар хүлээнэ. Хаана, хэнд хандаж, мэдээлэл хүргүүлэх талаар хуульд тусгасан.

-Иргэн бүр мэдээлэх үүрэг хүлээх нь. Энэ үүргээ биелүүлээгүй бол ямар хариуцлага тооцох вэ?

-Хүүхдийн эрхийн зөрчил илэрсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирийллийн тухай гэх мэт бусад хуульд тодорхой заасан. Хүүхдийн эрх болон Хүүхэд хамгааллын тухай хууль нь эдгээр хуультай холбогдож байж хүүхэд, гэр бүлийн асуудлаар эрх зүйн орчны шинэчлэл болж байгаа юм. Мөн тухайн шатны Засаг дарга ямар нэгэн эрсдэлтэй нөхцөлд орсон хүүхдийг түр асран байршуулах, эрхийг нь хамгаалах үүрэг хүлээж байгаа. Тухайлбал, архичин эцэг, эх гэх мэт гэр бүлийн эрсдэлтэй орчинд амьдарч байгаа хүүхэд байж болно. Мөн алдаж эндээд, хуулийн шийтгэл хүлээж байгаа, эсвэл суллагдаад гарч ирж байгаа хүүхэд байж болно. Түүнчлэн гамшгийн нөхцөл байдал үүссэн бол тухайн хүүхдийг Засаг дарга хамгаалалтандаа авах үүрэгтэй. 

-Хүүхдийн төлөө ажиллах улсын байцаагчид ямар шаардлага тавих вэ?

-Энэ хоёр хууль 2016 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм. Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцээд хүүхэд хамгаалах, хүүхдийн эрхийг хангуулах улсын байцаагч томилно. Ингэхдээ хүүхдийн эрхийн чиглэлээр таваас доошгүй жил ажилсан хүмүүсээс сонгон шалгаруулалт хийж, тусгай сургалтанд хамруулна. Эхний ээлжинд бүх аймаг, дүүрэг бүрт нэг улсын байцаагч ажиллуулна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж