Дуучин Р.Номин-Эрдэнэ “Бяцхан зүрх”-ээ танилцуулав

2016 оны 3 сарын 7

Монгол улсын СТА, дуучин Р.Номин-Эрдэнэ 2015 онд хүүхдийн эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх зорилгоор “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачлан байгуулжээ. “Бяцхан зүрх” ТББ-ын анхны ажил нь БСШУЯ-тай хамтран “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон бөгөөд “Бяцхан зүрх” цомгоо тун удахгүй гаргах гэж байгаа юм.

Цомгийнхоо анхны дуу болох “Бяцхан зүрх” дуугаа дүрсжүүлсэнээ өнөөдөр /2016.03.07/ сэтгүүлчдэд мэдээллээ.

“Бяцхан зүрх” цомгийг бүтээх болсон зорилгоо дуучин ингэж тайлбарлаж байна. “Дуу хөгжим нь хүний зүрх сэтгэлд хүрэх хүчтэй, өргөн цар хүрээтэй далд зэмсэг гэдэг утгаар хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийг хөндсөн уран бүтээл туурвиж олны хүртээл болгох замаар хүүхдийн эрхийн асуудлыгнийгмийн бүх давхаргад хүргэх боломжтой, хоёрт, гГэр бүлийн ариун хайр, үнэ цэнийг тунхагласан, жавхлант ирээдүйг дүрслэн харуулсан уран бүтээл туурвих замаар амьдралын нугачаанд дарагдсан эмэгтэйчүүд, гэр бүлүүдийг урамшуулан зоригжуулж тэдний сэтгэлзүй, амьдралын хэв маягт нөлөөлөх, гуравт, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийг хамгаалахад чиглэсэн үүсгэл санаачлага, хамтын ажиллагааг дэмжих, өөрийн биеэр үлгэрлэн оролцох замаар тэдний төлөөх бодитой хөдөлгөөн, өөрчлөлтийн давалгааг давалгаалуулах” зорилготой гэлээ.

“Бяцхан зүрх” цомог нь хүүхдийн 20 дуунаас бүрдэх бөгөөд цомгийн нээлтийг ирэх дөрөвдүгээр сард багтаан хийхээр төлөвлөж байна. “Бяцхан зүрх” ТББ нь зөвхөн дуу төдийгүй нийгэмд чиглэсэн, хүүхдийн төлөө сайн дурын ажлуудыг хийх юм.

“Би уран бүтээлийн шинэ аяллаа эхлэхээр зүрх шулуудан, ханцуй шамлан орж байна. Уран бүтээлчид бидний хувьд ил гарч нийгмийн сайн сайхны төлөө зоригтой, эрч хүчтэй хөдлөх цаг нь ирсэн” хэмээн дуучин Р.Номин-Эрдэнэ хэллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна