Эмгэнэл

2016 оны 3 сарын 7

Очирбатын ЧУЛУУНБАТ

(1958-2016)

Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Очирбатын ЧУЛУУНБАТ 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсч бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

О.Чулуунбат нь 1975-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, 1976-1981 онд Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр, 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийг Эдийн засгийн ухааны ДОКТОР-ын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр хөдөлмөрийн гараагаа 1981-1987 онд Улсын Банкны Ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагч, референтээр ажиллаж эхэлсэн бөгөөд 1987-1990 онд Эдийн засгийн хамтын ажиллагааны Олон Улсын банкинд Ахлах зөвлөх, ахлах дилер, 1990-1991 онд Улсын Банкны Ерөнхий хорооны даргын зөвлөх, 1992-1993 онд ХОТШ банкны 1-р орлогч захирал, 1993-1996 онд Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, 2000-2006 онд Монголбанкны Ерөнхийлөгч, 2012-2014 онд Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд, 2014-2015 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

О.Чулуунбат нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед 2 шатлалт банкны тогтолцоог төлөвшүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ улс орны эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах төрийн мөнгө санхүүгийн оновчтой бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байлаа. Түүний олон улсын эдийн засаг, банк санхүүгийн өргөн мэдлэг нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан билээ.

Монгол Улсын банк, санхүүгийн салбарт түүний оруулсан хувь нэмрийг Монголбанк болон Монгол Улсын төр өндрөөр үнэлж, Санхүү-Банкны тэргүүний ажилтан цол тэмдэг, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, бусад ойн медалиудаар тус тус шагнаж байжээ.

Талийгаачийн  улс орныхоо төлөө зүтгэсэн нөр их хөдөлмөр, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно.

Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

МОНГОЛБАНК

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна