Өвөл хүүхдээр хурдан морь унуулахгүй

2016 оны 3 сарын 7

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/ өнөөдөр ээлжит цахим хурлаа  хийж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын өнгөрөгч 14 хоногт хийсэн ажлын тайланг сонсч, байгалийн гамшиг, малын гоц халдварт өвчин дэгдсэн үед хэрхэн ажиллах талаар болон цаг үеийн тодорхой ажлын талаар үүрэг даалгавар өглөө. Тухайлбал, МХЕГ-аас саяхан Монголын морин спорт уяачдын холбоонд гуравдугаар сард болох хурдан морины уралдаанд насанд хүрээгүй хүүхдээр морь унуулахгүй байхыг, хэрэв насанд хүрсэн унаачид оролцсон уралдааныг зохион байгуулсан нөхцөлд унаачийн болон уралдааны аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болгосон албан бичгийг хүргүүлсэн.

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8-ны өдөр Хөдөлмөрийн сайдын тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчилэн баталсан. Уг жагсаалтад “Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд насанд хүрээгүй хүүхдийг хурдан морины уралдаан, сунгаа үсэргээнд морь унуулахыг хориглосон” юм.

Иймд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан аймаг, орон нутгийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудад холбогдох хууль журмын дагуу ажиллахыг хатуу үүрэгдэж, сануулж зөвлөсөөр байхад хууль зөрчөөд байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг мэдэгдэв.

Мөн “Эмийн зохистой хэрэглээ” сарын аяны хүрээнд хуурамч эм, жоргүйгээр эм олгох, хугацаа дууссан эм бэлдмэлээр үйлчлэхгүй байх зэрэг тодорхой зөрчлүүдийг  арилгах үүрэг даалгаврын биелэлтэд хяналтаа сайн тавьж, удаа дараа урьдчилан сэргийлэх зөвлөмж, зөвлөгөө хүргүүлээд байхад зөрчил гаргасан тохиолдолд хариуцлага тооцохыг үүрэгдлээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна