Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл хайв

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл хайв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Физик-Математик-Химийн салбарын Бага чуулган хамтран Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эргэн тойронд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БОНХЯ, ЭМСЯ, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчила, хэмжил зүйн газар, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 оны бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.10.2-т “Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах санаачилга, үндэсний хөтөлбөрийг дэмжин хэрэгжүүлнэ”, 2.10.3-т “Хөрсний бохирдолтой холбоотой эрдэм шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, үндэсний хөтөлбөрийг батлахад оролцоно” гэж заасан.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог нь Улаанбаатар хотын хөрсний бохирдлын эх үүсвэр, хөрсний бохирдлоос үүдэн хүн амын эрүүл мэндэд учирч болох хортой нөлөөллийн талаар эрдэм шинжилгээний байгууллагуудын гаргасан сүүлийн үеийн судалгаа, түүнийг шийдэхийн тулд практикт нэвтрүүлж эхэлж буй боломжит арга хэмжээний талаарх судалгаа, шинжилгээнд суурилсан, төрийн болон орон нутгийн төлөөлөл оролцож бодлогын шийдэл хайсан гэдгээрээ ач холбогдолтой юм. Хөрсний бохирдол бол нийслэлийн иргэдийн амьд явах эрхийн тухай төдийгүй эх дэлхийн шим ертөнцийн оршин тогтнох эсэх тухай амьдралын ойлголт юм” гэлээ.

ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар  2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хэлэлцэхэд ШУА, ЭМЯ-аас уг асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм. Тэр үед Улаанбаатар хотын утааг бууруулах, уламжлалт түлшийг өөрчлөн хий, шахмал, гүн боловсруулсан түлшинд шилжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашиглах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, шугам сүлжээний эх үүсвэрийг шинэчлэх, шинээр барьж байгуулах гэх мэт олон санал гаргасан ч харамсалтай нь бодлого боловсруулагчид анхаарал дутуу хандуулсан. Өнгөрсөн оноос энэ асуудалд Монгол Улсын Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга анхаарал тавьж шийдэх зарим ажлуудыг эхлүүлээд байна.

Нийслэлийн хөрсний бохирдлын асуудлаар Үндэсний хороотой ярилцаж Газар зүйн хүрээлэн судалгааны ажлыг хэрэжүүлсэн байна. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хамруулан хөрсийг бохирдуулсан нян, хүнд хортой элемент, хог хаягдал зэргийг тодорхойлон эх үүсвэрийг судалж зураглал хийж, тодорхой санал дүгнэлт гаргасан. Мөн Улаанбаатарын өнгөн хөрсний бохирдлын судалгаа, газрын ховор элемент болон орчны хөрс, усны хүнд элементийн судалгааг хийж гүйцэтгэсэн” гэв.

Хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Геологи-газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, П.Оюунбат нар “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын өнөөгийн түвшин” сэдвээр илтгэл тавив. Тэдний илтгэлд дурдсанаар Улаанбаатар хотын хөрсний хүнд металлын бохирдолтын ерөнхий түвшин дундаж хэмжээнд байгаа бөгөөд алаг цоог байдлаар тархсан хар тугалга, хром, цайрын бохирдолт ажиглагдсан байна. Арьс ширний үйлдвэр орчим хром зонхилсон хар тугалга, кадми, цайрын бохирдолт багагүй талбайг хамарсан нь илэрчээ. Нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт их гарсан байна. Нарантуул захын арын хаалганы орчмоос авсан хөрсний дээжид аммонийн агууламж хамгийн их буюу 21.07мг/кг гарсан нь бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байжээ. Хотын төвөөс Гандангийн орчим хамгийн их бохирдолтой гарсан байна.

Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байгаа бөгөөд энэ нь гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой холбоотой. Бохирдлыг багасгахын тулд хог хаягдлын менежментийг сайжруулах, гэр хорооллыг багасгах, хоггүй хороод бий болгох, нүхэн жорлон, нийтийн бие засах газруудыг цэгцэлж орчин үеийн технологиор шийдэх, захуудын орчныг тохижуулах, авто засвар, дугуй засварын газруудын тохижилтод анхаарах, автомашины шатахуунаас хар тугалга ихээр ялгардаг тул утаа шүүгч тавих, хар тугалгын найрлагагүй шатахуун оруулж ирэх, хог хаягдалтай холбоотой хууль тогтоомжийг амьдралд хэрэгжүүлэх, иргэд олон нийтийн ухамсрыг дээшлүүлэх зэрэг удаан хугацааны цогцолбор арга хэмжээ шаардлагатай байна гэж илтгэгчид дурдлаа. Мөн хөрсийг ургамалжуулан сэргээх,  хөрсний элэгдэл, бохирдлыг тус тусад нь авч үзэх бус хамтатган шийдэх нь зүйтэйг хэлж байв.

Хэлэлцүүлгийн үеэр НЭМХ-ийн Орчны эрүүл хор судлалын төвийн дарга А.Энхжаргал “Гэр хорооллын нүхэн жорлон, хүнсний бохирдол”,  ШУА-ийн Хими-Химийн технологийн хүрээлэнгийн Инкубатор төвийн захирал Ч.Батсүх “Хөрсний бохирдлыг бууруулах зарим шийдэл” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв.

Хэлэлцүүлгээс хөрсний бохирдол ихтэй Нарантуул, Хүчит шонхор, 100 айл, Да хүрээ зэрэг томоохон зах орчмын тохижилтод онцгой анхаарах, нийтийн бие засах газруудыг олноор байгуулах, гэр хороолол доторх нийтийн байрны асуудлыг шийдвэрлэх, торгууль, шийтгэлийн арга хэмжээг эрчимжүүлэх, тодорхой нэг хороо, хэсэгт хөрсний эвдрэл, бохирдлыг буруулах, хөрсийг нөхөн сэргээх чиглэлээр туршилтын төсөл хэрэгжүүлэх талаар төр, захиргааны байгууллага, мэргэжлийн байгууллага, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд хандсан зөвлөмж гаргахаар болов.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж