Л.Гансүхийн шүүх хурал тодорхойгүй байна

2016 оны 3 сарын 7

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг энэ сарын 10-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцэнэ гэсэн мэдээлэл тарсан ч Улсын дээд шүүхээс "Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлын товыг албан ёсоор товлоогүй байгаа " гэдгийг мэдэгдлээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн учраас шүүгдэгчид болон өмгөөлөгчийн хүсэлтээр Дээд шүүхэд хандсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх хэргийг хэлэлцээд Л.Гансүхэд дөрвөн жил зургаан сар хорих ял оноож, улс төрийн алба хаах эрхийг дөрвөн жилээр хасч, Н.Даваахүүгийн мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох, Б.Мөнгөнтуяад мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянгөн төгрөгөөр торгох ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс ял шийтгүүлсэн дээрх гурван иргэнээс хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргасан. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулалгүйгээр хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байдаг. Одоо болох шүүх хурал эдгээртэй холбоотой хэргийг дахин шүүн хэлэлцэх юм.

Т.НОМИН

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна