Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон яамныхаа бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.07-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон яамныхаа бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүллээ

 

Маргааш "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр яамныхаа бүсгүйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тэрээр "Миний хувьд Батлан хамгаалах хэмээх эр зориг, аз хийморийн энэ сайхан салбарын сайдаар ажиллаж байгаадаа баяртай байдаг. Эр цэргийнхээ төлөө олон зүйлийг хийж хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байгаа. Өнөөдөр яамны маань багагүй ажлыг нугалж яваа бүсгүйчүүддээ хүндэтгэл үзүүлж байна. Манай салбарт бүсгүйчүүдийн үүрэг оролцоо жилээс жилд нэмэгдэж байгааг та бүхэн нэмэгдэж байгаа. Дэлхийн халуун цэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцож, эрчүүдтэй эн зэрэгцэн ур чадвар шаардсан олон ажлыг манай эрэмгий зоригтой бүсгүйчүүд гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн баг хүртэл удирдаж ажиллаж байна шүү дээ. Энэ бол Зэвсэгт хүчинд эмэгтэйчүүдийн оролцоо, эзлэх байр суурийг илтгэх юм. Ер нь цаашдаа манай эмэгтэйчүүд өөрсдийн эрхийнхээ төлөө дуу хоолойгоо холбогдох албан тушаалтнуудад хүргэж байх хэрэгтэй. Миний хувьд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр салбарынхаа ямар ч бүсгүйг хүлээн авч уулзахад бэлэн байх болно. Ялангуяа, ажлын байрны гадуурхалт, ялгаваралт, ахиж дэвших боломжийг нь хязгаарласан ямар ч асуудал манай салбарт байж болохгүй. Ингээд Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, салбарынхаа бүсгүйчүүддээ "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн мэнд хүргэе" гэсэн юм. Ц.Цолмон сайдын хамт Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан болон газар хэлтсийн дарга нар байлцав.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж