МХБХ, "Б.Дортмунд" болон МИАТ компанийн уулзалт боллоо

2016 оны 3 сарын 7

МХБХ, Германы алдарт Боруссия Дортмунд болон МИАТ компанийн гурван талын уулзалт амжилттай боллоо

Монголын Хөлбөмбөгийн Холбоо болон ХБНГУ-ын Бундеслигийн алдарт Боруссия Дортмунд клүб мөн МИАТ компаний хамтарсан гурван талын уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээ нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй давхацаж байгаагаараа онцлог юм.

Энэхүү гурван талын уулзалтанд Бундеслигийн  Ази болон номхон далайн бүсийг хариуцсан захирал Петер Лейбел, Боруссия Дортмунд клүбийн Ази номхон далайн бүсийг хариуцсан захирал Суреш Летчманан болон Боруссия Дортмунд клүбийн Олон улсын харилцаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Бенедикт Сколз нар хүрэлцэн ирлээ. Мөн МИАТ компанийн гүйцэтгэх захирал Т.Тамир , дэд захирал Н.Ганболд нар уг уулзалтанд оролцож цаашид хамтран ажиллах санал сэтгэгдлээ солилцлоо.

Уулзалтын үеэр МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар МХБХ-ны үйл ажиллагааг танилцуулсанаас гадна, гадаад харилцаагаа хэрхэн хөгжүүлж байгаа, цаашид хөгжлийн чиг хандлагаа хэрхэн яаж харж байгаагаа тайлбарласан бөгөөд дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч Германы Хөлбөмбөгийн Холбоо тэр дундаа дэлхийд алдартай Боруссия Дортмунд клүбтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан юм. МХБХ-ны уралдаан тэмцээн бүрийн шууд дамжуулалтыг гүйцэтгэдэг “NTV” телевиз мөн Монголдоо албан ёсоор бундеслигийн тоглолтуудыг шууд дамжуулдагыг та бүхэн мэднэ.  Тэр ч утгаараа Боруссия Дортмунд клүбийн ямар алдартай баг вэ гэдгийг хөлбөмбөг сонирхогчид сайн мэдэх биз.

Монголын Хөлбөмбөгийн холбоо нас насны шигшээ баг болоод гадаад харилцаандаа түлхүү анхааран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд мөн ХБНГУ-ны Хөлбөмбөгийн Холбоотой харилцаж улмаар МХБХ-ны хүсэлтийн дагуу Герман улсын Хөлбөмбөгийн Холбооноос санал болгосон Европын Хөлбөмбөгийн Холбооны лицензтэй дасгалжуулагч Ханс Майкл Вейсс хүрэлцэн ирсэн билээ. Цаашдаа ч Боруссия Дортмунд клүбтэй хамтран ажиллаж, өөрийн орны тамирчдаа гадны хүчтэй лигт тоглуулах тэр сайхан нөхцөлийг бий болгохын тулд хичээж ажилласаар байх болно. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна