МАН-ын олгархиудыг шүүмжилсэн нь бурхны оронд ч баалуулах нүгэл гэж үү

2016 оны 3 сарын 8

Монголбанкны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд асан Очирбатын Чулуунбат гуравдугаар сарын 6-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн. Төрийн зүтгэлтнийхээ хойноос эмгэнэл илэрхийлсэн нь цөөнгүй. Харин МАН-ынхан, тэр дундаа тус намын залуу үе сошиал орчинд талийгаачийг элдвээр баалж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон нь ар гэрийнхэнд нь хүнд тусч, олон нийтийн дургүйцлийг хүргэлээ. Монголчууд бурхны орон одсон нэгнийхээ араас зул өргөж, сайн сайхнаар дурсч, буян үйлддэг уламжлалтай. Муу үг унагавал “Талийгаачийн яс өндөлзүүлэх нь үү” хэмээн ихэд цэрвэдэг ёстойсон.

Гэтэл улс төрийн өчүүхэн эрх ашиг, бүлэглэлд таалагдахын тулд улс төрд дөнгөж хөл тавьж байгаа залуус уламжлалаа хөсөр хаяж, төрийн нэрт зүтгэлтнийг хэдэн хоногийн турш бааллаа. Хатуухан хэлэхэд, талийгаачийн араас баярлаж баясаад, элдвээр хараагаад байгаа нөхдүүдтэй харьцуулахад О.Чулуунбат агсан Монголд хийж бүтээхээ бүтээсэн төрийн нэрт зүтгэлтэн байлаа.

Тэрээр Монголын шилдэг эдийн засагч, банкир төдийгүй мэргэшсэн улстөрч. О.Чулуунбат нь 1975-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Их сургууль, 1976-1981 онд Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр бакалавр, 1996 онд ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийг Эдийн засгийн ухааны ДОКТОР-ын зэрэг хамгаалжээ. Ажлын гараагаа Улсын банкны ерөнхий хорооны Гадаад тооцооны газар Ахлах эдийн засагчаар эхэлж, 2006 оныг хүртэл банкны салбарт тасралтгүй ажилласан шилдэг банкир.

О.Чулуунбат агсан 1993-1996 онд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч, 2000-2006 онд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед МАХН (МАН) төрийн эрх барьж, Хадгаламж зээлийн хоршооны хэрэг дэгдэж байсан юм. Эрх баригчдын алдаатай хуулиар байгуулагдсан хэдэн зуун ХЗХ иргэдийн мөнгийг өндөр хүү амлаж авсан байдаг. ХЗХ-ны эзэд МАН-д элсч намаа санхүүжүүлж, МАН-ын өндөр албан тушаалтнууд их хэмжээний зээл авч байсан үе. Тухайн үед О.Чулуунбат “ХЗХ-ны систем буруу, банкны салбар, эдийн засгийг ганхуулж байна, та нар иргэдийн мөнгөөр ингэж тоглож болохгүй” гэж намынхаа удирдлуудад хэлээд загнуулж байсан түүх бий. Гэвч тэрээр намын эрх ашигт хөтлөгдөлгүй хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ХЗХ буруу тогтолцоо, итгэх хэрэггүй гэж олонтаа ярьж байсан нь тухайн үеийн сонины хуудаст үлдсэн. Хохирогчдын тоолсноор О.Чулуунбат агсан ХЗХ-ноос сэрэмжлэхийг сануулж 100 гаруй удаа ярилцлага өгч байсан гэдэг.

Намынхаа ашгийн төлөө биш иргэдийн эрх ашгийн төлөө эдийн засагч шиг дуугарч, анхааруулж байсан нь талийгаачид “алдаа” болсон гэж болохоор. Учир нь МАН-ынхан түүнд эдийн засагч, банкир биш намаа улаан хамгаалагч бай гэдэг шаардлагыг тавьж байв. Харин банкны салбарынхан түүнийг “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулж, зах зээлийн эдийн засгийн шилжилтийн үед 2 шатлалт банкны тогтолцоог төлөвшүүлэх, банкны салбарын бүтцийн өөрчлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсны зэрэгцээ улс орны эдийн засгийн тэнцвэртэй байдлыг хангах төрийн мөнгө санхүүгийн оновчтой бодлогыг тодорхойлон хэрэгжүүлэхэд манлайлан оролцож байлаа. Түүний олон улсын эдийн засаг, банк санхүүгийн өргөн мэдлэг нь Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцаатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргахад үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан” гэж үнэлсэн юм.

2008-2012 онд О.Чулуунбат агсан УИХ-ын гишүүн байхдаа МАН-ын эдийн засгийн бодлогыг олонтаа шүүмжилж, тэр хэрээр адлагдаж байв. Эдийн засагч хүний зөв бодлого, оновчтой шүүмжийг намынх нь хүлээж авахын оронд хавчин гадуурхаж байсныг улстөрийн хүрээнийхэн ярьдаг. Хууль эрх зүйн орчноороо хөрөнгө оруулагчдыг түлхэж байгааг нь шүүмжлэхэд намынхаа эсрэг ажиллаа гэж гоочилдог байв. О.Чулуунбат агсан “Намын удирдлага, нам дотор төрөөр дамжуулж бизнес эрхлэгчид, тодруулбал олгархиуд их төрж байна” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа ярьсан. Тодруулбал, МАХН (МАН)-ын дарга Сү.Батболд байх үед “Намын дарга Сү.Батболд Бороогоулдыг яаж авсан, яаж канадуудад зарсанаа тайлбарла” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуугаад адлагдаж байв. Бас “Та нарын яриад байгаа эдийн засгийн өсөлт чинь цаасан дээр л байна. Эдийн засгийн ийм замбараагүй, үрэлгэн бодлого байж болохгүй” гэж шүүмжлээд гадуурхагдаж байсан.

Талийгаач төрөөр дамжиж бизнес хийдэг бүлэглэл, намынхаа эдийн засгийн бодлогыг шүүмжилж байснаас намаасаа нөхдөөсөө урваж яваагүйг одоо элдвээр зүхээд байгаа залуус мэдмээрсэн. Харин түүнээс МАН-ынхан урваж, “хөөсөн” билээ.  Тэрээр МАХН нэрээ сольж МАН болохыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байснаас намаа орхино гэсэн бодолгүй байснаа бас ярьсан байдаг. Харин МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлах үеэр найзын хувьд, хамтарч байсны хувьд, хэцүү үед нь хажууд нь байя гэж очсон тухайгаа хожим ярьсан. Гэтэл Н.Энхбаярыг баривчлах шөнө МАН-ынхан өөрсдөө О.Чулуунбат намаа орхиж МАХН-д элслээ, урвагч гэдэг мэдээллийг цацаж эхэлсэн.

МАН шилдэг эдийн засагч, банкир О.Чулуунбатыг ингэж адлаж, тэгж л хөөсөн түүхтэй.

МАН-ынхан сонгуульд ялагдсаныхаа дараа МАХН-д хадаг бариад золгохдоо О.Чулуунбат агсаныг намдаа иргэж ирээч гэж матрын нулимс унагаж байсныг одоо харааж, зүхээд байгаа нөхдүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тухайн үед талийгаач “Би урвагчид руу гүйж очихгүй. Хэзээд нөхөрлөлдөө үнэнч. Танай ” байна гэдэг хатуухан хариуг өгч байлаа.

Тэрээр эдийн засагч, банкир, улстөрч, хамгийн голын хүний хувьд нэг шугамд нэг чигтэй явж байсныг амьдралынх нь зам мөр харуулна. “Алт деллерийн хэрэг” гэх мэт түүний талаарх хар бараан мэдээлэл, элдэв хэрэгт холбогдсон гэх цуурхлыг намынх нь нөхөд гаргаж байсныг  улстөр судлаачид ярьдаг юм билээ.

Сошиалд хэн ч үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ бусдыг доромжилж, ёс бусаар харьцах эрх хаана ч байхгүй. Ялангуяа бурхны оронд одсон нэгнийхээ хойноос шороо бүү цацаач МАН-ынхаан. МАН-ын олгархиудыг шүүмжилсэн нь бурхны оронд ч баалуулах нүгэл гэж үү.

О.Чулуунбат агсны гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна