Хятадын ЭЗ-ийн өсөлт 6,5-7 хувь байна

Хуучирсан мэдээ: 2016.03.08-нд нийтлэгдсэн

Хятадын ЭЗ-ийн өсөлт 6,5-7 хувь байна

 

Хятад өөрийн эдийн засгийн өсөлтийг 6,5-7%  байлгахаар төлөвлөн хэрэгжүүлж байна гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян  бямба гаригт Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хуралдааны чуулган дээр мэдээлсэн байна.

 


Дүгнэлтийн дагуу, Хятадын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийн гурван хувьтай тэнцэх гэнэ. Өмнөх жилд ДНБ-ийн 2,3 хувьтай тэнцэж байжээ.

 

Хятадын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд саяхан эхэлсэн таван жилийн төлөвлөгөөний хугацаанд эдийн засгийн өсөлтийг  жил бүр 6,5 хувь байлгахаар заасан ба 2020 он гэхэд Хятадыг “дунд төвшний хангамжийн нийгэм болгоно” гэж Ли Кэцян мэдэгдлээ. Ерөнхий сайдын хэлснээр  ажиллаж байгаа хүн бүрийн  хөдөлмөрийн бүтээмж 87 мянган юаниас 120 мянган юань хүртэл нэмэгдэх гэнэ.


Эрх баригчид 10 сая ажлын  байр бий болгох, төмөр замыг сайжруулах, авто замыг хоёр дахин нэмэгдүүлэхэд  120 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх юм. Өмнө мэдээлснээр, Хятадын эдийн засгийн нэг асуудал нь  үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал юм. Үүнийг хэдэн  жилийн дотор 10 хувиар  бууруулахаар төлөвлөжээ.

 

Хятадын нийгэм эдийн засгийн хөгжлийн 2016 оны төлөвлөгөөнд  тухайлбал хөрөнгийн зах зээлд гарч магадгүй  гэнтийн өөрчлөлтөд  цаг тухайд нь нөлөөлөх тусгай механизмыг бүтээхээр тусгасан байна.


Хятадын үндэсний валют юанийн ханшийн өөрчлөлтийн механизмыг сайжруулан  түүнийг тогтвортой  төвшинд барих арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна гэж Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян БХАТХ-ын чуулганы хуралдаан дээр мэдэгдлээ.

Хятадын Ардын Банкны орлогч дарга И Ган мэдээлэхдээ, эдийн засгийн өсөлтийн хурд буурсан ч Хятад мөнгөний бодлогын хүүгээ сөрөг болгохгүй гэсэн байв. "Эдийн засгийн байдал муудаагүй" гэж И Ган Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн чуулганы хуралдааны завсарлагааны үеэр өгүүлэв. Хөрөнгийн гадагшлах урсгалыг тогтоох хангалттай хэмжээний валютын нөөцтэй гэж тэр нэмэн мэдэгдлээ.


Хятадын 2016 оны төсөвт тус орны батлан хамгаалахын зардал нь  өнгөрсөн оныхоос 7,6%-иар нэмэгдэн 954 тэрбум юань ($146 тэрбум) болон өсчээ. Гэхдээ батлан хамгаалах зардлын өсөлтийн хурд нь өмнөх онуудынхаас доогуур. 2015 онд тэр нь 10,1%-иар, 2014 онд 12,2%-иар, 2013 онд 10,7%-иар, 2012 онд 11,2%-иар тус тус өссөн байлаа.


2020 он гэхэд Хятадын хүн ам 1,42 тэрбум болно гэж Ли Кэцян мэдээлэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж