Түүхэн дэх хамгийн хүчирхэг эмэгтэй захирагчид

2016 оны 3 сарын 8

Эдгээр эмэгтэйчүүд нүсэр улс орныг толгойлж, ер бусын хувь тавиланг дамжээ.

Улсыг толгойлдог эмэгтэйчүүд эрэгтэй Удирдагчдаас  илүүтэйгээр анхаарал татдаг.  “Эмэгтэйчүүд, эмзэг хүйстэн” гэсэн ойлготоос тэр нь үүсэлтэй байж болох талтай. Гэхдээ эмэгтэй захирагчдад дэндүү их хүч байдгийг хэлэх нь зүйтэй байх.

Ольга

Киевын Русийн вангийн хатан

Захирсан хугацаа: 945 — 960

Вангийн хатан Ольга өөрийн  нөхөр, Киевын агуу ван гэх  Игорь Старыйг  амь үрэгдсэний дараа 945 - 960 онуудад Киевын Русийг захирч ирэв. Оросын  варяжийн овгоос гаралтай энэхүү анхны захирагч эмэгтэй үнэн алдартны шашинд орсон ба хожим шашин нь түүнийг хувилгаадын тоонд оруулжээ. Түүний нөхөр  алба гувчуур цуглуулж явах үеэрээ алагдсан байна. Хаан ширээг залгамжлагч Святослав тэр үед гурван настай байсан учир Ольга  албан ёсны бус захирагч болсон юм. Тэрээр нөхрийг нь хөнөөсөн  древлян омгийн удирдагч нарыг нь дараалан цээрлүүлж, тэднийг  номхруулжээ.  Эртний Оросын он дарааллын бичигт Ольга дайснаа хэрхэн онц хэрцгийлэн дарсныг өгүүлсэн байдаг.

Тамара

Гүржийн хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа : 1184 — 1209

Тамара нь Багратион овгоос гаралтай, III Георгий, хатан хаан Бурдухан нарын охин байв. Тайван биш цагаар энэ эмэгтэй засгийг авч, тус улсын соёлын мандан цэцэглэлтийн бэлгэдэл болж чаджээ. Түүний ордонд  зохиолчдын бүхэл бүтэн үе байсан ба гүрж хэлийг утга төгсжүүлжээ.  Хатан хаан Тамара Гүржид, мөн өөрийн төрсөн нутаг Осетид христийн шашныг дэлгэрүүлжээ. Тэгээд ч түүнийг хувилгаадын тоонд оруулсан байдаг.

Елена Глинская

Москвагийн агуу вангийн хатан

Хаан ширээнд суусан хугацаа: 1526 — 1538

Вангийн ахайтан  Елена Васильевна Глинская нь Москвагийн агуу вангийн хоёр дахь эхнэр, Догшин Иван хааны эх, түүнийг нялх байхад нь улсыг удирдаж иржээ. Таван жилийн турш хэмжээлшгүй их мэдэлтэй байлаа. Тэрээр Орост мөнгөний шинэчлэл хийж, нэгдсэн валютыг  бий болгосонд нь түүхчид онцгойлон талархлаа илэрхийлдэг.  

Сююмбике

Казанийн хаант улсыг захирагч

Хаан ширээнд суусан хугацаа: 1516-1557

Сююмбикегийн эхний нөхөр Жан-Али бага насандаа хаан ширээнд суужээ. Түүнийг 18 настай байхад Сююмбике 12 ч хүрээгүй байв. Гэр бүлийн харьцаа нь тааруу, нөхөр нь түүнийг бараг үзэхгүй, хүүхэдгүй байжээ. Удалгүй  хаан нь бусдын гарт хөнөөгдөж, залуухан Сююмбикегийг хаан Сафа Гирейн эмсийн хүрээлэнд  худалдсан байв. Удалгүй тэрээр хааны хүүг төрүүлж өгөн  хууль бус захирагч болж чаджээ. Хааныг өнгөрсний дараа тэрээр хаант улсыг урт хугацаанд цэцэн мэргэнээр  удирдаж иржээ.

Ирина Годунова

Оросын хатан хаан-консорт (хаан ширээг залгамжлагч биш)

Хаан ширээнд суусан хугацаа: 1584-1598

Хатан хаан Ирина Федоровна нь Борис Годунов хааны эгч,  Федор І Иоаннович хааны эхнэр байв. Нөхрийгөө нас барсны дараа Борис Годуновыг хаан ширээнд суутал  тэрээр улсыг захирч байв. Английн хатан хаан  І Елизавета Тюдор, Александрийн тэргүүн хамбатай захидлаар харилцаж ирсэн түүх бий. Тэрээр Оросын үнэн алдартны шашныг дэлгэрүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байлаа.

I Екатерина

Оросын анхны хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа: 1684-1727

I Петр хааны эхнэр тариачин гаралтай, Марта Самуиловна Скавронская нэр, овогтой байлаа. Агуу их хойд зүгийн дайны үеэр оросууд түүнийг дайны олз болгон авч байжээ. Петр хаантай албан ёсоор гэрлэхээс өмнө түүний Анна, Елизавета гэх хоёр охиныг төрүүлж өгчээ. Залуу хаан эхлээд бүсгүйг анзаарч, нууц амрагаа болгосон юм. Екатерина хааны уур хилэн буцалж байхад ганцаараа түүнийг зогсоож чаддаг байсан гэдэг. Энгийн гаралтай хатан хаан Оросын төрийн бүхэл бүтэн хатан хаадын үеийг эхлүүлжээ.

Виктория

Их Британийн хатан хаан

Хаан ширээнд суусан хугацаа: 1837 - 1901

Виктория хатан хаан нь III Георг хааны дөрөв дэх хүү Кентын герцог  Эдуардын охин бөгөөд эх нь болох Германы Саксен-Кобург-Заальфельдын вангийн ахайтан Викториягийн хараан дор өсч  хүмүүжжээ. Тэрээр 18 насандаа хаан  ширээг өвлөн авч байлаа. Эцэг нь гурван ахтай ч тэд бүгд нас баржээ. Тэдний хүүхэд гэж байсангүй. Энэ эмэгтэй ард түмнийхээ хувьд шүтээн болсон хүн. Түүний нэрээр бүхэл бүтэн үеийг “Викторианы” гэж нэрлэсэн юм.

Индира Ганди

Энэтхэгийн ерөнхий сайд

Хаан ширээнд суусан хугацаа: 1917-1984

Улс төрийн зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тэмцэгчийн гэр бүлд төрсөн тэрээр бага наснаасаа эцгийнхээ үзэл санаагаар хүмүүжжээ. Дэлхийн II дайны дараа тэрээр улс төрд оров. Энэтхэг 1947 онд тусгаар тогтнолоо олж авсны дараа түүний эцэг Жавахралал Неру анхны ерөнхий сайд нь болжээ.  Тэрээр охиноо  өөрийн туслахаар томилсноор түүний улс төрийн карьер  эхэлжээ. Эцгийгээ нас барсны дараа тэрээр Энэтхэгийн хамгийн том тушаалд суусан юм.  Энэ эмэгтэйн захиргааны үеэр  улс орон нь нэгдэж, эдийн засаг нь өсч эхэлсэн. Индира  шашин хоорондын сөргөлдөөн, маргааныг зохицуулахаар хичээж ирсэн ч тэр нь  түүнийг үхэлд хүргэсэн. Тэрээр алан хядагчдын гарт үрэгдсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна