Баяр олонтой сар

2016 оны 3 сарын 9

Гуравдугаар сар өрх гэрийн хувьд төдийгүй улс орны хэмжээнд баяр олонтой, зарлага ихтэй сар ажээ. Гуравдугаар сарын эхний өдрийг л гэхэд  Эх орончдын болоод АСЕМ-ын нэрэмжит өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлэв. Анх МАН-ын баяр болгон тэмдэглэж байсан гуравдугаар сарын 1-ний өдрийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэсээр багагүй хугацаа өнгөрч байна. Харин АСЕМ-ын өдрийг бол энэ жилээс  тэмдэглэж эхэлсэн.

Нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх баяр наадмын хуульд бүх нийтээр амрахаар тогтоосон уламжлалт нэгэн баяр бол Мартын 8 буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Хойд, урд хөрш манайх гурваас бусад улсад төдийлөн мэдэхгүй энэ баяр социализмын үеэс угшилтай. Монгол эмэгтэйчүүдийн эрх бусад улс орныхноос давуу юу гэхээс дутуугүй. Мэдээж олон дунд эрх нь зөрчигдсөн, хавчигдан шахагдсан цөөнх байдаг л биз. Дийлэнх олонхоор нь харах юм бол монгол бүсгүйчүүд шиг эрхээ мэдэрсэн, мэдрэхийнхээ хэрээр эдэлж чаддаг, эрхэлж тунирхсан эмэгтэйчүүд дэлхий дээр олон биш.  (эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ умартдаггүйг энд бас онцолъё) Монголчуудын бөөнөөрөө тэмдэглэдэг бас нэгэн баяр Мартын дараа залгадаг. Энэ бол Зэвсэгт хүчний ойн баяр буюу цэргийн баяр. Хэдийгээр мөрдэс зүүж, форм өмссөн зэвсэгт хүчин, цэрэг цагдаагийн алба хаагчдын баяр боловч дийлэнх олонход хамаатуулан “цэргийн батлах”-тай  төрсөн эр хүн бүхний баяр болгон тэмдэглэж заншжээ. Эрчүүдийн баяр эмэгтэйчүүдийнхтэй зүйрлэшгүй эгэл, даруу, зарлага багатай өнгөрдөг. Адаглаад л эрчүүдийн тоогоор цэцэг бэлдэх шаардлагагүй.  Хатуу хорвоогийн нум, халамжит бүсгүйн түшиг, энхрий үрсийн бахархал, энэ улсынхаа эзэн нь болсон эрчүүддээ жилийн 365 хоногоос нэгээхнийг харамлаад ч яанам дээ гэсээр бид гуравдугаар сарын 18-тай золгодог.

Хүйсээр ялгаварласан хоёр баярын дараа дуулиантай нэгэн өдөр тохиодог нь гуравдугаар сарын 22. Энэ өдөр  казах үндэстний хаврын баяр буюу Наурыз, Монгол хүн сансарт ниссэний ой, дэлхийн усны өдөр зэрэг тохиодог билээ. Казах түмэн өдөр шөнө тэнцдэг гуравдугаар сарын 22-ныг хаврын эхний өдөр хэмээн үзэж, Наурызын баяраа тэмдэглэдэг онцлогтой.

35 жилийн тэртээ монгол хүн сансарт нисч, хотол түмнээрээ баярлан хөөрч байсан сан.  Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэх малчны хүү эх дэлхийгээсээ тасарч, дэлхийн татах хүчнээс ангижирч үзсэн ижилгүй гавьяатай. Харин сансрын нисгэгч цолтой хүн манай улсад Ж.Гүррагчаагаас гадна дахин нэг байдаг нь М.Ганзориг билээ. 35 жилийн өмнө тохиосон энэхүү бахархалт баяр дахин хэзээ тохиохыг таашгүй ч Монгол Улс иргэнээ санасарт илгээсэн 10 дахь орон билээ.

Ийн баяр олонтой сар тохиож байгаагаас байгууллага хамт олон, өрх гэр болгон чамгүй зарлага гаргадаг. Тиймээс төсвийн болон бусад байгууллагууд олон баярыг нэгтгэн нэг удаа хөл ихтэйхэн тэмдэглэх санаачилга гаргаж эхэлжээ. Март, цэргийн баярыг цасны баяртай нэгтгэн хаврын баяр болгон тэмдэглэж эхэлжээ. Олон  ажиллагсадтай төсвөөс санхүүждэг байгууллагуудаас дээрх санаачилга гарч эхэлсэн бөгөөд цасны баяр, спорт урлагийн баяраа ч хамтатган “Хаврын баяр” гэх ганцхан баяртай байхыг бусдадаа уриалжээ. Шинэ жил, цагаан сарын хямралаас гарч амжилгүй, гуравдугаар сарын шил дарсан олон баярт тарамдаж байгаа бол нэрэлхэж, эрээлэлгүй баяруудыг хамтатган тэмдэглэх аянд нэгдээрэй. Хямралыг хэмнэж байж л гэтлэхээс хойш  нэг нь нөгөөгөөсөө дутахгүй гэсэндээ өр тавьж байгаад ч бол баяр тэмдэглэдэг сэтгэлгээг халах цаг болжээ.

Одоо манай улсад нийтээр тэмдэглэх 8 баяр, 15 тэмдэглэлт өдөр, 10 жилийн давтамжтай тэмдэглэдэг түүхэн дөрвөн  үйл явдлын ой, нийгмийн тодорхой салбаруудын хэмжээнд жил бүр тэмдэглэдэг 44 ажил мэргэжлийн тэмдэглэлт өдөр, 10 жил тутамд тэмдэглэдэг орон нутаг /аймаг, нийслэл, сум дүүрэг/ байгуулагдсаны тэгш ойн наадмуудыг тэмдэглэдэг гэсэн мэдээг мэргэжилтнүүд тооцон гаргажээ. Тов  тодорхой дээрх баяруудаас гадна одон медалийн угаалга, үс даахины найр, насны ой мундахгүй. Зөвхөн  Ерөнхийлөгчийн зарлигаар шагнадаг найман  одон,  зургаан медаль байхын сацуу ардын болон гавьяат цол бий. Мөн салбарын сайд, агентлагийн даргын тушаалаар олгодог 44 салбарын тэргүүний ажилтан цол тэмдэг гээд шагнал урамшууллыг жагсаавал нэгэн хуудсанд ч багтахгүй. Энэ бүхнийг нарийн тооцвол жилд тохиодог  баярт өдөр нь эгэл өдрөөсөө олон байж ч мэдэх нь.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна