Н.Сувд: Театрын өдрүүдэд тавтай морил

2016 оны 3 сарын 9

Улсын драмын эрдмийн театрын уран сайхны удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдтай ярилцлаа.

 

-Юуны өмнө таньд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Театрын уран бүтээлчид бүсгүйчүүд, ээжүүддээ “Ромео Жульетта” жүжгээр бэлэг барилаа.

-Баярлалаа. У.Шекспирийн “Ромео Жульетта жүжиг бол театрын 2015 оны төлөвлөгөөт уран бүтээл байсан. Энэ жүжгийг тавих гэж найруулагч Б.Наранбаатар 4-5 жил судалгаа хийсэн. Ингээд Боловсрол, соёл шинжлэх ухааны яамнаас санхүүжилт гарснаар энэхүү жүжгийг тоглох боломж олдсон юм. “Ромео Жульетта”  театрын зорилтот үзэгчид, залуу үеийн төлөөлөлд тавьсан бүтээл байлаа. Анх 1996 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан бол 1996 онд Ч.Найдандорж дахин тавьсан түүхтэй. Харин энэ удаа залуу найруулагч, Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар мөн л тухайн цаг үеийнхээ залууст зориулан тавьж байна. Энэ удаагийн тавилт бол өнөө үеийн залуусын үзэл бодол, мөн тэдний аж амьдралд ойртсон. Мөн театрын өнөө үеийн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн уран бүтээл болсон. Энэ жүжигт залуу боловсон хүчин, дунд, ахмад үеийнхэн гээд бүгдийн оролцоо байлаа. 2016 гараад ч “Ромео Жульетта” сонгодог жүжиг үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсээр байна. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрүүдийг угтан энэ жүжиг олон хоног танхим дүүрэн үзэгчтэй болж өнгөрлөө. Жүжгийг мэргэжлийн болон үзэгчдийн дунд амжилттай боллоо гэсэн үнэлэлт, дүгнэлтийг өгсөн байгаа.  

-Драмын театрын зүгээс гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлалаа. Дахин олон бүтээлүүд үзэгчдийн хүртээл болох юм байна?

-Жил бүрийн гуравдугаар сарын 27 бол дэлхийн театрын баярын өдөр. Энэ өдрийг угтан “Сонгодог жүжгийн өдрүүд” эхэлсэн. Үүний эхлэл нь “Ромео Жульетта” байсан. Одоо үргэлжлээд У.Шекспирийн  “Гамлет”, М.Сервантесийн “Кихот ноён”, Софокл “Эдип хаан” болон Г.Ибсен “Нора” зэрэг сонгодог жүжгүүдийг тоглоно. Театрын захиргаа болон маркетингийн албаас “Театр-Үзэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Үүнд “Ирээдүйн үзэгчдээ бэлтгэе”, “Театр тавтай морил”, “Тоглолтын дараа” болон “Нэг наран дор” зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэх юм. Энэ удаа “Тоглолтын дараа” сэдэвт уулзалтыг “Ромео Жульетта”-аар эхлүүллээ. Үзэгч бүхэн тоглолт үзсэний дараа уран бүтээлчидтэй ярилцах боломж олдож байна. Бусад жүжгүүдэд ч гэсэн чөлөөт ярилцлага үргэлжлээд явна. Энэ үеэр театрын үйл ажиллагааны тухай, театрын урын сан, уран бүтээл гээд үзэгчдийн зүгээс асуух, ярилцах боломж нээгдэж байна. Үүгээр бид театрыг үзэгчидтэй илүү ойртуулах боломжийг нээж байгаа. Мөн тасалбарын хувьд уян хатан бодлогыг баримталж, 4-5 жүжиг үзсэн тохиолдолд багцын үнийг санал болгож байна. Бас хүүхэд, оюутан, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үзүүлэх боломжтой.

-Таны хувьд хамгийн сүүлд ямар жүжгүүдэд тоглосон бэ?

-Би жүжигчнийхээ мэргэжлийнхээ үүднээс найруулагч нарыг хэзээ ч дуудах үед тоглох ёстой. Түүхэн болон бэсрэг жүжгүүдийн үед шаардлагатай тоглох үед бэлэн байх үүрэгтэй. “Тэнгэрийн хүү”, “Атга нөж”, “Хунгийн дуу” зэрэг жүжгүүдэд ажилласан.

-“Мандухай цэцэн хатан” киноны тухай асуумаар байна. Энэ кино өдгөө ч хуучраагүй гарсаар. Магадгүй энэ нь түүхийн нэгэн гэрч байж, Монгол улсынхаа эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан Мандухай цэцэн хатны тухай болоод тэр байх. Гэхдээ кинонд 15-р зууны үеийн түүхийг өгүүлдэг шүү дээ.

-Энэ кино гараад их олон жил боллоо. Тухайн үед киноны тухай олонтоо ярьдаг. Одоо эргээд бодоход надад ярих зүйл олдохгүй юм. Уран бүтээлийн чансааг үзэгчид тавьж, цаг хугацаа үүнийг баталгаажуулдаг. Одоо 30-аад жилийн дараа гарахад анх гарч байсан үе шигээ үзэгчдийн сонирхлыг татсан байгаа нь кино амжилттай бүтсэний нэг жишээ юм болов уу гэж надад санагддаг. Би өөрийнхөө тухай ярьж байгаа юм биш шүү. “Мандухай цэцэн хатан” киног бүтээсэн найруулагч, зураач, хөгжмийн зохиолч, гэрэлтүүлэгч, нүүр будагч гээд тэнд ажиллаж байсан бүх хүний хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл болсон. Энэ киног бүтээхэд гар бие оролцсон тэр хүмүүс нэгэн хамт олон болж чадсан юм. Одоо ч бид “манайхан” гэж ярьдаг. Тийм учраас уран бүтээлд гар нийлж, сэтгэл гаргаж ажиллана гэдэг бол ихээхэн том үүрэгтэй байдаг.

-Та хамгийн сүүлд хэзээ дэлгэцийн бүтээлд тоглосон бэ?

-Одоо би санахгүй байна.(инээв)

-Бидний нэрлэж заншсанаар “МАРТЫН 8”-ын өдрийг та хэрхэн дүгнэх вэ?

-Манай улсад гуравдугаар сарын 8-ны өдрийг эмэгтэйчүүдийн баяр гэж тэмдэглээд зуршсан уламжлалтай. Энэ баярын өдөр бол дэлхий даяараа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэж тэмдэглэдэг. Тийм учраас эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалах тэгш эрхтэй. Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй адил тэгш эрхтэй байх гэдэг асуудал одоо ч гэсэн хурц хэвээрээ л байна. Манай улсад энэ байдал харьцангуй гайгүй байдаг болов уу гэж бодогддог. Би саяхан АНУ-д байх хугацаандаа нэгэн нэвтрүүлэг үзэж байсан. Тэндээс сонирхолтой үнэлгээ харсан. Эрэгтэй, эмэгтэй хүний ижил хэмжээний хувцас байхад бүсгүйчүүдийнх нь үнэтэй байх. Үнэртэй усан дээр гэсэн эмэгтэй хүний үнэртэн ахиу үнэтэй байх. Энэ бүгдийг жигдрүүлэх ёстой гэсэн яриа Америкт яригдаж байгаа юм билээ. Манайд ийм судалгаа байдаг эсэхийг би мэдэхгүй байна. Бидэнд социалист системийн нийгмийн тогтолцоот үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах талаар их том ахиц гарсан. Монголчуудын сэтгэхүйд эмэгтэй хүнийг доор үзэх үзэл бага байдаг гэж санагддаг. Эмэгтэй хүн өөрөө үүрэгтэй, хариуцлагатай, ээж хүн учраас түүнийг дээдэлж үздэг. Бидэнд түүхийн олон жишээ бий шүү дээ.

-Өүлэн эх гээд?

-Тиймээ. Чингисийн ээждээ хандаж байгаа хандлага. Өүлэн эх, Алунгоо эхэд монголчуудын хандаж байсан түүхийн баримтыг харж байхад бусад Ази, Африк зэрэг улсаас өөр байдаг. Тийм учраас манай эмэгтэйчүүдийн олж авсан боловсрол, нийгэмд эзэлж байгаа байр суурь бусад улс оронтой харьцуулахад өндөр гэж боддог. Өнөөдөр төрийн албанд байдаг эмэгтэйчүүдийн тоо ямар байдаг билээ. Эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүдийн эзлэх хувь их ч юм уу харьцангуй баримт гардаг шүү дээ.  Орон зай, тоон хэмжээгээрээ энэ нь өөр өөр байдаг байх. Харин эмэгтэй хүн нийгэмд илүү их ачаа үүрдэг гэдэгтэй би санал нэг байдаг. Гэр бүлийн хувьд ч гэсэн хүүхдээ өсгөхөөс эхлээд эрчүүдээсээ илүү хариуцлагыг үүрч байгаа гэдэг нь харагддаг. Гэхдээ хүн болгонд өөрт нь илүү их үүрэг байгаа гэж бодогддог байх. Миний бодлоор манай эмэгтэйчүүд эрэгтэй хүнтэй адил боловсролтой, мэдлэгтэй, чадалтай, хүчтэй байдагт нь би бахархдаг. Монголчуудын хувьд дэлхийд бахархмаар олон эмэгтэйчүүдтэй. Түүгээрээ бахархаж, тэднийгээ хүндэлдэг, хайрладаг ард түмэн.

1968 онд "Огонёк" сэтгүүл Н.Сувд /АЖ, ТС/

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна