“Зүүн бүсэд хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэнэ”

2016 оны 3 сарын 9

Монголын бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт болно. Тэмцээнийг Эрүүл мэнд спортын яам, БТС-н хөгжлийн төв, Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн БТСГ хамтран зохион байгуулж байна.

Ингээд Олон улсын шүүгч, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт Лхагвасүрэнгийн Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр өдгөө Сүхбаатар аймгийн БТСГ-т хүндийн өргөлтийн дасгалжуулагч, мэргэжилтэнэр ажиллаж байна.  

-Юуны өмнө таньд Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе. Монголын бүх ард түмний XIV их наадам энэ жил өргөн хүрээнд болж байна. Тэр дундаа орон нутагт энэхүү тэмцээн үргэлжлэн явагдах гэж байна. Хүндийн өргөлтийн энэ оны улсын аваргын талаарх мэдээллийг өгөхгүй юу?

-Баярлалаа. 2016 он бол спортоор амьсгалсан жил байгаа. Тэр дундаа ирэх наймдугаар сард Бразил улсад Зуны олимпийн наадам болно. Мөн манай улсад дөрвөн жилд нэг удаа болдог Бүх ард түмний XIV их наадам энэ онд тохиож байна. Оны эхнээс жүдо бөх, чөлөөт бөх, бокс, шатар гээд төрлүүдээр явагдлаа. Тэгвэл энэ сарын 11-13-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Энэ нь Бүх ард түмний XIV их наадмын хүрээнд зохион байгуулагдах гэж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Тэмцээнийг Монголын хүндийн өргөлтийн холбоо, Сүхбаатар аймгийн ЗДТГ, БТСГ мөн Эрүүл мэнд спортын яам, БТСГ-н хөгжлийн төв  хамтран зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн орон нутагт тэр дундаа зүүн аймагт зохион байгуулагдсанаар олон боломжууд нээгдэх юм. Мөн наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээнээс шатар болон хүндийн өргөлт орон нутагт болж байгаараа ихээхэн онцлогтой. Мэдээж энэхүү тэмцээнийг зохион байгуулахын тулд тухайн аймаг хүндийн өргөлтийн клубтэй байх ёстой. Бас шүүгч, дасгалжуулагчаас эхлээд бэлтгэгдсэн байх ёстой. Энэхүү шалгуурыг Сүхбаатар аймгийн зүгээс хангасан байгаа.

2016 он бол Сүхбаатар аймгийн ард иргэдэд сайхан жил болж байна. Учир нь Улсын аваргын тэмцээнд Монгол Улсын шилдэг тамирчид бүгд хүрэлцэн ирж бяр хүчээрээ өрсөлдөнө. Энэ өрсөлдөөнийг дэргэдээс нь харж хүүхэд залуусаа их спортоор хичээллүүлэх боломж олдож, тив дэлхий олимпийн дэвжээнээ алтан соёмбот далбаагаа өргүүлэх тамирчин Сүхбаатар нутгаас төрөн гарах боломж нээгдэж байгаагаараа сайхан үйл явдал болж байна

-Сүхбаатар аймгийн хувьд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байсан түүх үгүй. Гэтэл Бүх ард түмний нэрэмжит тэмцээн мөн л анх удаа болох гэж байна. Энэ удаагийн тэмцээн цаашид олон тэмцээний эхлэл нь болох байх болов уу?

-Миний хувьд Сүхбаатар аймгийн унаган хүүхэд. Хүндийн өргөлтийн спортоор амьдралаа холбоод 15 жилийг үдсэн. Магадгүй энэ спортыг эмэгтэй хүнд ахадсан спорт гэж хэлдэг. Гэтэл өнөөдөр манай эмэгтэй тамирчид маань Ази, дэлхийд өндөр амжилт гаргах хэмжээнд хүрээд ирлээ. Тиймээс МХӨХ-нь орон нутагт Хүндийн өргөлтийн спортыг хөгжүүлэх бодлогын хүрээнд зүүн бүсэд салбар клубтэй байх зорилтыг тавин аймгийг орон нутгын удирдлага, аймгийн БТС, мөн МҮОХ-той хамтран ажиласаны үндсэнд Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн спорт хөгжих боломж бүрдсэн. Өнгөрсөн жил манай холбоо Баян-Өлгий, Дархан, Хөвсгөл аймагт УАШТ-ийг амжилттай зохион байгуулсан. Орон нутагт тэмцээн зохион байгуулагдах нь энэ спорт тухайн орон нутагтаа хөгжих том сурталчилгаа болж өгдөг давуу талтай. Үүнтэй адил Сүхбаатар аймаг нь хүндийн өргөлтийн спортоор хүүхэд залуусаа хичээллэх боломжийг хангаж энэ спортын талаар ард иргэддээ мэдлэг мэдээлэл өгөх зорилгын үндсэн дээр БҮХ ард түмний хүндийн өргөлтийн тэмцээнийг зохион байгуулахаар аймгийн ЗДТГ-с тэмцээн зохион байгуулах комисс гарган ажиллаж байна ажиллаж байна. 2016 он бол Сүхбаатар аймгийн ард иргэдэд сайхан жил болж байна Учир нь Улсын аваргын тэмцээнд Монгол Улсын шилдэг тамирчид бүгд хүрэлцэн ирж бяр хүчээрээ өрсөлдөнө. Энэ өрсөлдөөнийг дэргэдээс нь харж хүүхэд залуусаа их спортоор хичээллүүлэх боломж олдож, тив дэлхий олимпийн дэвжээнээ алтан соёмбот далбаагаа өргүүлэх тамирчин Сүхбаатар нутгаас төрөн гарах боломж нээгдэж байгаагаараа сайхан үйл явдал болж байна

-Таны хувьд 2015 онд АНУ-д болсон хүндийн өргөлтийн ДАШТ-ий үеэр олон улсын шүүгчийн зэрэг ахиулах шалгалтыг өгсөн. Энэ нь эмэгтэй шүүгчдээс анхдагч болсон шүү дээ?

-2015 оны хүндийн өргөлтийн ДАШТ тамирчид, шүүгч нарын хувьд чухал тэмцээн байсан. Миний хувьд энэ удаа шүүгчийн зэрэг ахиулах шалгалтыг өгч Олон улсын 1-р зэргийн шүүгч болсон. Мөн энэ үеэр МХӨХ-нь ОУ-н 2 болон 1-р зэргийн тус бүр хоёр шүүгчтэй болсон. Миний хувьд  2012 онд Монгол Улсад болсон Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний үеэр шүүгчээр ажилласан. Тэр үед олон улсын шүүгчийн II зэргийг авч байсан. Үүнээс хойш дотоод болон гадаадад олон тэмцээнд шүүгчээр ажиллаж, зэргээ ахиулах эрхээ авсан. Олон улсын 1-р зэргийн шүүгч болсноор дэлхийн аварга болоод олимпийн наадам шүүх эрхтэй болж байгаа юм.

-Таны хувьд яагаад хүндийн өргөлтийн спортоор хичээллэх болсон бэ?

-Ер нь бол би их спортод их орой хөл тавьсан. Учир нь намайг баг байхад орон нутагт маань энэ спортын төрөл хөгжөөгүй мэргэжилтэн багш, зориулалтын заал талбай байхгүй ер нь ийм спорт байдаг үгүйг ч мэддэггүй байлаа. Харин сүүлд Улаанбаатар хотод оюутан болж ирснээр олимпийн төрлийн их спортоор сонгон хичээллэх боломж олдсон.  Анх жүдо бөхөөр хичээллэж залуучуудын улсын аваргаас алтан медаль авч байсан. Мөн самбо бөхөөр ч хичээллэж, улсын аваргын хүрэл медальтай. Хэдийгээр жүдо, самбо бөхөөр хичээллэж эхэлсэн ч хүндийн өргөлтийн спорт надад сонирхолтой санагдаж эхэлсэн. Тэгээд С.Хөхөө багштайгаа уулзаж танилцснаар хүндийн өргөлтийн спортоор эргэлт буцалтгүй хичээллэх болсон. Тухайн үед МХӨХ-ы ерөнхийлөгчөөр "Нарантуул" ХХК-н захирал ноён Ш.Сайхансамбуу ажиллаж клуб нээж байсан. Бид тухайн үед "Нарантуул" клубын нэрийн өмнөөс бэлтгэл сургуулилтаа хангадаг байсан. Азийн аварга болсон тухайн үед бидний хамгийн их орохыг хүсдэг тэмцээн байлаа. Энэ хүслээ 2003 онд биелүүлж байсан. БНХАУ-д Хэбэй мужийн Чинхуандао хотод болсон насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд эмэгтэй баг оролцсон. Би 75 кг-ын жинд  өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэнээр Монголын хүндийн өргөлтийн түүхэнд анхны эмэгтэй олон улсын медалийг эх орондоо авчирсан. Үүнээс хойш манай эмэгтэй тамирчдын амжилт эрс өсөж, олон сайхан амжилтыг үзүүлж явна.

-Та дасгалжуулагч болох шийдвэрийг та өөрөө гаргасан уу?

-Хүүхэд байхад их спортоор хичээллэх боломж бага байлаа. Магадгүй над шиг ийм хүсэл зорилготой хүүхдүүд орон нутагт олон байгаа шүү дээ. Тиймээс өөрийн сурч мэдсэнээ бусдад түгээх үүднээс дасгалжуулагчийн мэргэжлийг сонгосон. Одоо энэ шийдвэрийг гаргаж байсандаа харамсдаг. Харин ч би зөв сонголт хийжээ гэж бодогддог. Тэгээд далд нуугдаж явсан энэ хүслээ орон нутагт хэрэгжүүлэхээр шийдэж, Сүхбаатар аймгийн хүүхэд залууст маань энэ спортоор эрт хичээллэн өндөр амжилтанд хүрэх ёстой гэж сэтгэл шулуудан зүтгэсэн. Хүндийн өргөлтийн спорт маань өөрөө тусгай тоног төхөөрөмж, болоод тамирчин өндөр зэрэглэлд хүрч амжилт ахих тусам хөрөнгө их шаарддаг онцлогтой спорт. Харин энэ байдлыг ойлгож, орон нутагт хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, нутгийн хүүхэд залуусыг энэ спортоор хичээллэх боломжоор ханган дэмжин ажилласан аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, орлогч дарга Д.Хосбаяр, БТСГ-ын дарга О.Батнасан нарт МХӨХ-ы өмнөөс талархалаа илэрхийлье. Хүндийн өргөлтийн спорт нь тууштай бэлтгэл сургуулилт хийсэн хүн ямарч амжилтанд хүрч болдогийг мэдрүүлдэг спорт бөгөөд Монгол хүн амжилт гаргах бүрэн боломжтой. Миний хувь 2004 онд БНХАУ-ын Бээжингийн Биеийн тамирын их сургуульд хүндийн өргөлтийн дасгалжуулагч мэргэжлээр суралцаж төгссөнөөр дасгалжуулагч болсон. Сургуулиа төгсөж ирээд Мэргэжлийн сургалттай Биеийн тамирын дунд сургуульд дасгалжуулагчаар ажилласан. Удалгүй хүндийн өргөлтийн холбооны дотоод үйл ажиллагаа хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

-Орон нутагт ажиллах шийдвэрийг хэрхэн гаргаж байсан бэ? Хотоос хөдөөд очих сонголтыг тэр бүр хүмүүс хийгээд байдаггүй. Гэтэл таны хувьд хэдийнэ энэ шийдвэрийг аваад цаашлаад Бүх ард түмний XIV их наадмын тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

-Миний хувьд хүндийн өргөлтийн спорттой амьдралаа холбож, олон сайхан анхдагч амжилтуудын эзэн болсон. Энэ утгаараа  наран мандах нутагтаа Хүндийн өргөлтийн төрлийг хөгжүүлэх бодлыг дасгалжуулагч болсон цагаасаа сэтгэлдээ тээсээр ирсэн. Энэ хүсэл минь биелэлээ олж байна. Мөн орон нутгийн удирдлагууд энэ спортыг Сүхбаатар аймагтаа хөгжүүлж хүүхэд залуусаа эрүүл чийрэг байж, их спортоор хичээллэж амжилтанд хүрээсэй гэсэн чинхүү хүсэл эрмэлзлийг минь дэмжлээ. Бид аймагтаа хүндийн өргөлтийн заалтай болж, улмаар Бүх ард түмний их наадмыг зохион байгуулахаар болсон нь бүгдийн хамтын хүч юм.

 -Таны хүүхдүүдээс спортоор хичээллэх сонирхол хэр байна вэ

-Мэдээж миний охидууд спортод ойрхон өсөж байгаа гэдгээрээ дуртай, сонирхолтой байдаг. Тэд ямар спортоор хичээллэх болон юунд сонирхолтой байгааг нь ээж хүний хувьд зөвлөдөг. Том охин маань спортоор идэвхитэй хичээллэдэг. Баг охины хувьд дэндүү балчир байгаа ч хүндийн өргөлтийн спортын талаар их сайн ойлголттой шүү.

Ч.БОЛОРЧУЛУУН

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна