Хүүхэд харах үйлчилгээнд 9000 хүүхэд хамрагдана

2016 оны 3 сарын 9

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд боломж олгож, асрагч нарын ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг давуу талтай энэ хуулийг хэрэгжилт ямар шатандаа явж байгааг ХАХНХЯ-ны Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгайгаас тодрууллаа. 

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар шатандаа байна вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ХАХНХ-ын сайдын хоёр тушаал гарсан. Нэгдүгээрт, хүүхэд харагчийг бэлтгэх жишиг хөтөлбөр, хүүхэд харах үйлчилгээний тухай журам баталсан. Хоёрдугаарт, стандартын үндэсний зөвлөлөөр хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандарт батлагдсан. Гуравдугаарт Засгийн газрын тогтоолоор нэг хүүхдэд оногдох санхүүжилт олгох журмыг баталсан. Одоогийн байдлаар 1,8 тэрбум төгрөг хүүхдийн төлөө газрын дансанд шилжээд ирчихсэн байна. энэ улиралд багтаагаад хүүхэд харагчдад олгоно. Үүнээс өмнө Сангийн яамнаас орон нутагт квот тогтооно. Яагаад гэвэл бүх хүүхдийг хамруулах боломжгүй. Энэ жилийн хувьд 9000 орчим хүүхэд хамрагдана. 1700 хүүхэд харагч бэлтгэнэ. Өнөөдрийн байдлаар 1680 хүүхэд харагч улсын хэмжээнд бэлтгэгдчихсэн байна. Тэдний 1000 орчим нь стандартад нийцсэн байр саваа бэлтгээд, зөвшөөрлөө авч эхлээд байна. Зөвшөөрөл авсан хүн бүр үйл ажиллагаагаа явуулж эхлэх үед асарч байгаа хүүхдийн тоогоор мөнгө шилжүүлэх ажил явагдана. Сүүлийн шат буюу стандартад нийцсэн байр бэлдэж зөвшөөрөл авах шат одоо явагдаж байна.

-Нийслэл орон нутагт хүүхэд харах ажил хэзээнээс жигдрэх вэ?

-Харилцан адилгүй байна. Зарим аймагт зөвшөөрлөө өгөөд эхэлчихсэн, хүүхдийн судалгаагаа хийж байна. Ер нь гуравдугаар сарын 15-нд жигдрэх байх.

-Асрагч нар хүүхдийг хүчирхийлэх магадлал өндөр байна. Саяхан ОХУ-д асарч байсан хүүхдийнхээ амийг хөнөөсөн хэрэг ч гарлаа. Тиймээс хүчирхийллээс хэрхэн сэргийлэх вэ?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хүүхэд хамгааллын үйлчилгээний нэг хэлбэр. Ялангуяа бага насны хүүхдийг эзэнгүй орхих, гэртээ цоожлож орхисны улмаас бэртэх гэмтэх, цаашлаад амиа алдаж байсан тохиолдол ч байдаг учраас энэ хуулийг Ерөнхийлөгч санаачилсан. Хүүхэд харагч алдаа гаргах юм бол маш том хариуцлага үүрнэ. Энэ талаар Зөрчлийн тухай хуулийн 30 дугаар зүйлд: Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэгчид зөрчил гаргавал хариуцлага хүлээлгэх тухай тусгасан байдаг. Мөн Эрүүгийн хуульд удаа дараа зодсон, биед халдсан гэдэг нь нотлогдох юм бол хариуцлага хүлээлгэх заалт орчихсон. Энэ заалтууд нь хүүхэд харагч, асран хамгаалагч нарт нэгэн адил үйлчилнэ.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна