Хавдартай иргэд үнэгүй зорчиж эхэллээ

2016 оны 3 сарын 9

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс өнгөрсөн сард хавдартай иргэдийг жилдээ нэг удаа төмөр замаар үнэгүй зорчуулах тухай мэдээлсэн. Тэгвэл энэ үйлчилгээ гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн байна.

“Улаанбаатар төмөр зам”, “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ байгууллага хамтран энэ ажлыг хэрэгжүүлж байгаа юм. Төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдана. Учир нь эдгээр аймагт жилд 800 орчим хүн хавдрын өвчлөлтэй хэмээн оношлогддог байна. Ийнхүү орон нутагт хавдрын эсрэг эмчилгээ, мэс заслын үйлчилгээ хүртээмж муутай байдгаас Улаанбаатарыг зорьдог. Иймээс эдгээр иргэдийг жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчих нөхцөлийг хангаж байгаа юм. “Хавдрын үндэсний зөвлөл”-ийнхөн эдгээр аймгийн эмнэлгүүдтэй хамтарч, хавдрын өвчлөлтэй иргэдийн мэдээлэл солилцоно. Энэ хүрээнд иргэдийн мэдээллийг авч, хөнгөлөлт, үйлчилгээнд хамруулна. Тиймээс хавдартай иргэд орон нутгийн эмнэлэгтэйгээ уялдаа холбоо сайтай ажиллах хэрэгтэй юм байна.

Гэхдээ үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаар тавьжээ. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүн, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах юм байна.

Дашрамд дуулгахад, хавдрын өвчлөлтэй иргэдэд нийтийн тээврийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээ олон улсад элбэг байдаг. Харин Монгол Улсад ийнхүү хэрэгжүүлэхээр эхлэл тавьж байгаа нь энэ юм.

Б.Заяа

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна