Спонсорууд Шараповагаас нүүр буруулав

2016 оны 3 сарын 9

Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн алдарт теннисчин Мария Шараповагаас спонсорууд нь нүүр буруулж эхэллээ. “Grand Slam” тэмцээний таван удаагийн аварга Мария Шарапова 2006 оноос хойш гэр бүлийн эмчийн зөвлөснөөр мельдоний гэх эмийг хэрэглэж байснаа хүлээсэн юм. Энэ нь сэргээшийн хориотой эмийн жагсаалтад багтдаг аж. Үүний дараа спорт хувцасны “Nike”, Швейцарийн цаг үйлдвэрлэгч “Tag Heuer”, Германы автомашин үйлдвэрлэгч “Porsche” брэндүүд Мария Шараповатай хамтын ажиллагаагаа зогсоосон байна. Тэд Мария Шараповагийн сэргээшийн шинжилгээний хэрэг бүрэн шийдэгдэх хүртэл хамтын ажиллагаагаа зогсоожээ.

Мария Шарапова Америкийн “Nike” брэндтэй 11 настайгаасаа хойш хамтарч ажилласан аж. Өдгөө 28 настай Мария Шарапова 2010 онд тус брэндтэй хамтран ажиллах 70 сая ам.долларын хөлстэй найман гэрээнд гарын үсэг зурж байжээ. Харин “Tag Heuer” өнгөрсөн жил хугацаа нь дууссан хамтын ажиллагааны гэрээгээ сунгахаар Мария Шараповатай ярилцаж байсан аж. Германы “Porsche” брэнд 2014 онд Мария Шараповаг анхны эмэгтэй төлөөлөгчөөр нэрлэж, гурван жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулжээ.

Өндөр орлоготой эмэгтэй тамирчдын нэг Мария Шарапова ийнхүү сэргээшийн дуулианд холбогдсоноор өнгөрсөн жилийнх шиг 30 сая ам.долларын орлого олох хөг нь өнгөрөв бололтой.

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна