“Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвт сургалт болж өнгөрлөө

2016 оны 3 сарын 9

“Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвт сургалт өнгөрсөн 3 сарын 4-ний Баасан гарагт УБ Сонгдо эмнэлэг дээр болж өнгөрлөө. Сургалтанд улсын болон хувийн эмнэлгийн 30 орчим уян дурангийн нарийн мэргэжлийн эмч нар Японы Хавдар судлалын төвийн эмч нараас лекц сонсож, гардан ур чадвар олгох сургалтанд хамрагдлаа. Сургалтыг Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Д. Даваадорж, Медимпекс Интернэйшнл ХХК – ий дэд захирал Н. Оюундэлгэр нар нээлээ.  

Медимпекс Интернэйшнл ХХК – ий дэд захирал Н. Оюундэлгэр хэлсэн үгнээс онцолвол:  “Та бүхэнд энэ өглөөний мэндийг хүргэе! Өнөөдрийн “Олимпус” компани, “Азийн NBI групп”, “Монголын Гастроэнтерологийн холбоо”, “УБ Сонгдо” эмнэлгүүдтэй бидний хамтран зохион байгуулж буй энэхүү сургалт маань эмч нарт онолын мэдлэгийг гардан ур чадвар олгохтой хослуулсан 2 дахь удаагийн арга хэмжээ болж байна. Бидний зүгээс үйл ажиллагаагаа эрхлэж буй эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжих чиглэлд онцгой анхаарч бие даан болон хамтарсан сургалтуудыг өргөнөөр зохион байгуулж ирсэн.  Ялангуяа албан ёсний төлөөлөгчөөр ажилладаг Японы Олимпус компанитай хамтран дурангийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд 2005 оноос хойш тогтмол үйл ажиллагааг явуулж ирсэн.

Медимпекс компаний хувьд дурангийн салбарт дараах 2 чиглэлд онцгой анхааран ажиллаж байна. Үүнд:

  1. Бидний оруулж ирж буй Олимпусын дурангийн тоног төхөөрөмжийн ажиллах, аюулгүй баталгаатай ажлыг хариуцахад Медимпекс компаний хүлээсэн үүрэг гэж үздэг. Инженерүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн анхаарч, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

  2. Дурангийн эмч нарыг мэдлэг, мэдээллийг сайжруулж, тэдний ур чадварыг дээшлүүлэхэд “Монголынхоо Гастроэнтерологийн холбоо” болон “Олимпус компани”-р дамжуулан “Азийн NBI групп”-ээс Монголын эмч нарт зохион байгуулж буй сургалт нь бидний үйл ажиллагааны нэгээхэн жишээ юм. Бидний өнөөдрийн зохион байгуулж буй арга хэмжээ эмч нарт онолын мэдлэгээс гадна, гардан ажиллах ур чадварыг дээшлүүлэхэд үр өгөөжөө өгсөн үйл ажиллагаа болоосой гэж бодож байна.

Сургалтыг удирдан явуулж буй Японы эмч нар нь “Азийн NBI групп”-ын гишүүд  бөгөөд уг байгууллага нь эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулахаар Гонконгод төвтэй байгууллагыг дурангийн эмч нар нэгдэн байгуулсан байна.  2013 онд анхны сургалтаа хийснээс хойш Ази номхон далайн бүсэд 34 сургалтыг зохион байгуулж, нийт 1492 эмчид сургалтанд хамруулаад байгаа ажээ. Монголын эмч нарт 2 дох удаагаа зохион байгуулагдаж буй энэ сургалт нь тус нийгэмлэгийн 2016 оны төлөвлөгөөт ажлуудын нэг болон 2nd USH ANBIG NBI Workshop  нэртэйгээр явагдсан байна.

Сургалтын удирдагч багш Японы Осакагийн эрүүл мэндийн төвийн Хоол боловсруулах, зүрх судасны төвийн дэд захирал Dr. Noriya Uedo лекцийнхээ үеэр зарим мэдээллийг онцолж байсан нь өнөөдрийн сургалтын гол зорилготой давхцаж байлаа.  Үүнд:

“...Ходоод гэдэсний ямар ч том хавдар эхний үедээ нүдэнд үл анзаарагдам жижигхэн байдаг. Тиймээс эрт үед нь оношлох нь өвчтөний амь насыг аврахад чухал ач холбогдолтой гэж ойлгож болно. ANBIG буюу Азийн NBI нийгэмлэгийн гол зорилго нь хавдрын өөрчлөлтийг эрт үед нь оношлох, улмаар эрт үеийн оношлогдсон өөрчлөлтийг эмчлэх гэсэн энэ практик сургалтыг эмч нарт таниулах юм. Үүний үр дүнд өвчтөн илүү үр дүнтэй, тавилан сайтай, тухайн хүний эрхтэн хадгалсан эмчилгээг явуулах үндсэн зорилготой...” гэсэн юм.

Манай орон ходоодны хавдрын өвчлөлөөрөө дэлхийд II байранд ордог бөгөөд нийт өвчлөлийн 85 – с дээш хувь нь хожуу буюу эмчилгээ авахгүй болсон үедээ оношлогдож нийт өвчтөнүүдийн 90 орчим хувь нь оношлогдсоноос хойш эхний 1 жилдээ нас бардаг байна. Дэлхийн жагсаалтын I байранд БНСУ, III байранд Япон улсууд орж байгаа ба эдгээр орнуудын дээрх үзүүлэлт манайхаас эсрэгээс буюу нийт өвчлөлийн дийлэнх хувь нь өвчнийхөө эрт буюу I, II шатанд оношлогдож эдгээр хүмүүсийн талаас илүү хувь амь насаа алдалгүй эмнэлгийн тусламж авч эдгэрч байгаа нь тухайн орнуудад хүн амаа урьдчилан сэргийлэх үзлэгт өндөр хувьтайгаар хамруулах тогтолцоо хөгжсөн, өвчнийг ямар нэг зовиур, шинж тэмдэг илрээгүй үед оношлож байгаатай холбоотой юм. Тухайлбал Японд ходоодны хавдраар оношлогдож буй нийт өвчтөнүүд I шатанд 62%, II шатанд 13% буюу эмчилгээ авч бүрэн эдгэрэх боломжтой үедээ 70 гаруй хувь нь оношлогдож, эмчлэгдэж байна.

Монголын Гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч, АШУҮИС – ийн дэд захирал, доктор, профессор Д. Даваадоржийн сургалтын зохион байгуулагч, сургалтанд хамрагдсан эмч нарт хандаж хэлсэн үгнээс товчилбол: “...Монголын дурангийн эмч нар нэг ойлголтоор оношоо тавьж, нэгдсэн нэг ойлголтоор эмчилгээгээ хийдэг болох зөв пирамидын суурь тавигдаж байгаад миний хувьд баяртай байна. Учир нь нотолгоонд тулгуурласан анагаах ухааны гол оношлогооны хэсэг болсон дуран, тэр тусмаа ходоод гэдэсний дурангийн оношлогооны асуудал, эмчилгээний асуудлыг бүрэн цогцоор нь шийдэхэд энэ сургалт маань маш том дэмжлэг үзүүлж байна гэж бодож байна. Энэ сургалтанд та бүхэн сууж өөрсдийн өмнө олж авсан мэдлэг дээрээ маш олон мэдлэг нэмж авсан байх гэж найдаж байна. Энийгээ амьдрал дээрээ хэрэгжүүлж, туршлагажаад ирэх жил өдийд дараагийн 3 дахь сургалт дараагийн тулгамдсан сэдвээр үргэлжилнэ гэдэгт илтгэж байна. Ингээд сургалтанд оролцсон бүх эмч нартаа баярласнаа илэрхийлье, суралтыг зохион байгуулж, удирдаж явуулсан профессор N. Uedo, K. Imai талархлаа илэрхийлье, мөн энэхүү сургалтыг зохион байгуулсан ANBIG, Олимпус компани, Медимпекс Интернэйшнл ХХК болон УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн хамт олонд талархсанаа илэрхийлж байна...” гэлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна