Словени дүрвэгсдийг дамжин өнгөрүүлэхгүй

2016 оны 3 сарын 9

 

Словени улс хилийн хяналтаа чангатгаж, Баруун Европыг зорьсон дүрвэгсдийг дамжин өнгөрүүлэхгүй байхаар болжээ. Словени улсад үлдэх эсвэл зайлшгүй хүмүүнлэгийн тусламж шаардлагатай дүрвэгсдийг хил нэвтрүүлэхээр шинэ журам гаргасан байна. Үүний зэрэгцээ Серб улс албан ёсны бичиг баримтгүй дүрвэгсдийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ. Мөн Австри, Унгар, Словак зэрэг Европын холбооны найман орон хилийн хяналтаа чангатгаснаар Грект олон мянган дүрвэгч гацаж, Шенгений бүс зогсонги байдалд ороод байна.

 

Европт өнгөрсөн 2015 онд сая давсан дүрвэгч ирснээр  дэлхийн II дайнаас хойших хамгийн том дүрвэгсдийн хямрал болжээ. Европын холбоо энэ асуудлаар Турктэй чуулга уулзалт хийж, Грект ирсэн бүх дүрвэгсдийг Турк руу буцаахаар ярилцсан байна. Ингэхдээ Турк дэх дүрвэгсдийг орон байр, хоол хүнс, эмнэлгийн тусламжийн асуудалд Европын холбоо санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ. Энэхүү тохиролцооны асуудлыг ирэх долоо хоногт Брюссельд болох Европын холбооны чуулга уулзалтаар эцэслэн шийдвэрлэх аж.

 

Туркээс өдөрт 2000 гаруй дүрвэгч Грект ирж байгаа гэнэ. Эдгээрийн олонх нь Сири, Ирак, Афганистаны иргэд байгаа юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна