Баяжихын тулд муу зуршлаасаа салж чадах уу?

2016 оны 3 сарын 9

Зургийг Walt Disney Company

Хүмүүс жилээс жилд  хариуг нь хайгаад олохгүй байгаа “Хэрэв та тийм ухаантай юм бол яагаад ийм ядуу байна вэ?” гэсэн асуултын хариуг  тайлбарлахыг хичээе.

Брауны их сургууль (Brown University)  хүмүүсийн санхүүгийн араншингийн талаар хамгийн өргөн цар хүрээтэй судалгааг явуулсан байна. Зөвхөн мэдээлэл цуглуулж, дүгнэхэд  таван жил зарцуулсан уг судалгаанд 50 мянган гэр бүлийн 150 гаруй мянган хүнийг хамруулжээ.  Эрдэмтэд  хүмүүс мөнгөө хэрхэн  зарж буйг  хэдэн жил ажиглан үзээд хүний зуршил нь  санхүүгийнх нь үр дүнд нөлөөлдгийг тогтоосон байна. Судлаачид  баяжихад  садаатай муу зуршлуудыг тогтоожээ. Мөн чинээлэг хүмүүс тийм муу зуршилгүй,  эсвэл түүнтэйгээ тэмцэж чаддагийг судалгаа харуулжээ. Уг судалгаанд хөрөнгө өвлөн авсан хүмүүсийг оруулаагүй байна. Тэд өвлөн авсан мөнгөө зарлагадаагүй ч өөрсдөө босгоогүй юм. Тэдэнд тэгээс эхлэн ажиллах шаардлага үгүй. Тиймээс мөнгөө өөрөө бий болгон босгож, түүнийгээ арвижуулан үржүүлж байгаа чинээлэг хүмүүс л эрдэмтдийн сонирхлыг татсан байна.

Баян чинээлэг хүмүүс ядуусаас юугаараа өөр вэ?

1. Орлогын хоёр дахь эх үүсвэр

Баян хүмүүсийн 67 хувь нь орлогын  өөр нэг эх сурвалжтай болохоор чадах бүхнээ хийдэг. Энэ нь хөрөнгө оруулалтаас гадна тийм мөнгөгүй бол  наад зах нь хоёр дахь ажлаа хийдэг.  Харин ядуусын дөнгөж зургаан хувь нь үүнийг хийдэг байна. Баян хүмүүс  цаг алдалгүйгээр, мөнгө л олохоор зүтгэдэг ажээ.

 Хоёр газарт зэрэг  ажиллах хэмжээний мөнгийг нэг газраас олохгүйг тэд мэдэх учир давхар ажил эрхэлнэ. Тэд хоёр, гурав дахин их ажилладаг учир мөнгөтэй болно. Харин тэр мөнгөөр  тэд ашигтай хөрөнгө оруулалт хийх, шинэ бизнес нээх эсвэл өндөр  цалин хөлсөнд хүргэх сургалтад  зарцуулдаг.

2. Бооцоо

Хурдан морины бооцоо, мөрийтэй тоглоом, спортын бооцоо,  хонжворт сугалаа  зэрэгт ядуусын 77 хувь нь байнга  оролцдог бол баячуудаас зөвхөн зургаан  хувь нь  энэ мэт эрсдэлтэй алхам  хийдэг ажээ. Энэ бол  ямар нэгэн үзүүлэлт биш, зүгээр л ядуу хүнд мөнгө хэрэгтэй, тэд баяжихийг мөрөөдсөнөөс тэр гэж хэлж болох юм. Хэргийн учир нь  ажил хийлгүйгээр гэнэтхэн баяжихыг найдсанд л оршино.

Хэрэв ядуу хүмүүсийн  эдгээр хоосон, тэнэг зүйлд зарцуулсан мөнгийг тооцоод үзвэл жилд багагүй хэмжээний мөнгө хэмнэж болно.

3. Ном унших

Бас нэг сонирхолтой статистик. Баян хүмүүсийн 70 хувь нь  нэн түрүүнд мэргэжлийн ном, зохиол уншдаг гэнэ. Тэр нь карьертай нь  холбоотой бөгөөд мэргэжлийн чадварыг нь нэмдэг ажээ. Баячуудын ихэнх уран зохиолын ном  бага уншдаг ч ажил хэргийн ном тэдний гол  хэрэглээ  болдог ажээ.  Харин  ядуус зарчмын хувьд бага уншдаг. Ном уншдаг хүмүүсийн 11 хувь нь мэргэжлийн  зохиол огт уншдаггүй ажээ.

Ядуусын ихэнх нь  уншилтаас таашаал авах гэж л уншдаг гэнэ.  Үүнд буруу юу байгаа юм бэ гэж та хэлж магадгүй.  Тийм ч байж магадгүй. Харин дараа нь ядуу гээд гомдоллосны хэрэггүй биз.

4. Зардал

Чинээлэг хүмүүс ядуусаас ялгаатай нь хэрээс хэтэрсэн зүйлийг хэзээ ч худалдан авдаггүй ажээ. Баячуудад  мөнгө тоолох хэрэг байнга гардаг гэдэгт гайхсаны хэрэггүй.  Тухайлбал ядуу гэх хүмүүс  хямд утас байсан ч үнэтэйгээс нь авсан байх жишээтэй. Зээл авч байгаад эсвэл  өөр зүйлд зарцуулах ёстой мөнгөөрөө үнэтэй утас аваад дараа нь багагүй хугацаагаар өөрийгөө хязгаарлагдмал байдалд  оруулдаг ажээ.

Харин баян хүн яаж ч хүссэн маш үнэтэй машин авахгүй. Зээлээр эсвэл өөр зүйлээр дутагдаж байгаад үнэтэй машин авна гэсэн ойлголт тэдний  тархинд багтдаггүй ажээ. Баян хүн хямд машин авдаг гэнэ.

5. Төсөв

Баян хүмүүсийн 84 хувь нь  өөрийн төсвийг нягт хянан зардлаа түүний хүрээнээс гарахгүйг хичээдэг. Тэд юунд хичнээн мөнгө зарахаа өмнөөс төлөвлөсөн байдаг ажээ. Мөн зарлагын тооцоог тогтмол хийдэг.  Цалин дөхөөд ирэхээр мөнгөө яав гэсэн бидний сонирхоод байдаг асуудал тэдэнд хэзээ ч гардаггүй. Тэд мөнгөө юунд зарснаа сайн мэднэ.

Харин ядуусын  20 хувь нь л  зарлагаа нарийн хянаж байдаг гэнэ. Үлдсэн хэсэг нь байр, цахилгааны мөнгөө төлөөд үлдсэн мөнгөөр нь хэдийг юунд  үрж буйгаа бодолгүйгээр зугаалдаг аж.

6. Хадгаламж

Ядуу гэх хүмүүсийн дөнгөж  таван хувь нь олсон мөнгөнийхөө 10 хувийг сар бүр хадгаламжид хийдэг. Тэдний  20 хувьд нь ямар ч хадгаламж байхгүй.  Гол шалтгаан нь тэдний хадгаламжийн 10 хувь нь өчүүхэн бага мэт санагддаг явдал гэнэ. Бусад хэсэг нь тэр 10 хувийг заралгүй амьдрах боломжгүй гэжээ.

Эхний  тайлбар бол үнэхээр тэнэг хэрэг. Ямар ч бага мөнгөний хадгаламж хийлээ  гэхэд танд хадгаламж  бий болсон байна.  Хэрэв мөнгө хураахгүй бол танд ямар ч хадгаламж гарч ирэхгүй. Хоёр дахь тайлбар нь ч байж боломгүй зүйл. Таны орлого ямар ч бага байсан  та тэр 10 хувьгүйгээр амьдарч чадна.  Баян хүмүүсийн 93 хувь нь байнга хуримтлал хийдгийг мэдээд авахад илүүдэхгүй.  Хэд байх нь хамаагүй, хамгийн гол нь хадгаламжаа байнга нэмэгдүүлж байдаг юм байна шүү. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна