Залуу багш нар чуулна

2016 оны 3 сарын 9

Монголын Залуучуудын Холбоо, Монголын Залуу Багш Нарын Холбоо хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэхүү санамж бичгээр дамжуулан хоёр байгууллага залуучуудад чиглэсэн гадаад болон дотоодын эрдэм шинжилгээ судалгааны хурал, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, залуу багш нарын нийгмийн оролцоог дээшлүүлж, боловсролын үнэ цэнийг залуучуудад таниулах аж. Уг санамж бичгийн МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү, МЗБНХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Зулхүү нар үзэглэсэн бөгөөд арга хэмжээнд МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх, МЗБНХ-ны ерөнхийлөгч Н.Учрал зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтансүх: “МЗХ сүүлийн жилүүдэд орхигдоод буй хүүхдийн хүмүүжлийн асуудлыг хүчтэй хөндөж байгаа. Энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Үүнд залуу багш нарын оролцоо, үүрэг маш чухал. Энэ тал дээр МЗБНХ-той нягт хамтран ажиллахыг хүсч байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол маргаашийн төлөө хийгдэх томоохон ажлын эхлэл юм” гэдгийг онцоллоо.  

Монголын нийт багш нарын 70 орчим хувь 40-өөс доош насны залуу багш нар байдаг аж. Тиймээс эдгээр залуу багш нарынхаа эрх ашгийг хамгаалах, нийгмийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхийн тулд ийнхүү хамтран ажиллах болжээ.  Хамтын ажиллагаан хүрээнд Залуу багш нарын анхдугаар чуулганыг хамтран зохион байгуулахаар болсон байна. Уг хурлаас гарсан залуу багш нарын санал санаачилга, хүсэлтийг нэгтгэн төр засаг, шийдвэрлэх түвшний байгууллагуудад хүргүүлэх юм байна. Мөн тус залуу багш нарыг хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж их хурлаараа батлах  тухайгаа ч энэ үеэр дуулгалаа.

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна