Фукушимагийн шарх аниагүй

2016 оны 3 сарын 9

Японы Фукушима мужид гамшиг сүйрэл дагуулсан цунамигаас хойш таван жил өнгөрч байгаа ч гай гамшгийн авчирсан шарх бүрэн аниагүй байна. Таван жилийн өмнө асар том цунамид арчигдсан Номхон далайн хойд эрэг дээрх Фукушима муж одоо болтол гамшиг сүйрлийн ул мөрийг хадгалж байгааг хиймэл дагуулаас авсан зурагнаас харагдана.  2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт далайн усыг эргүүлж, асар том усан хана үүсгэж, Номхон далайн хойд эргийн газрыг арчиж хаясан билээ.

 

 

Асар хүчтэй усан хана замдаа таарсан бүхнийг залгихын зэрэгцээ Японы Фукушима Даичи АЦС-ыг сүйтгэж, цацраг идэвхит бодисыг алдагдсан нь 1986 оны Чернобылийн АЦС-ын сүйрлээс хойш гарсан хамгийн аймшигтай цөмийн сүйрэл болсон юм. Цөмийн аюул нүүрлэсэн тус бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсний дараа тэндхийн хот, мужууд эзэнгүйрч үлдсэн билээ. Япончууд ирэх баасан гаригт таван жилийн өмнөх тэрхүү аймшигт гамшиг сүйрлийг хэрхэн даван туулснаа тэмдэглэх гэж байна.

 

Аймшигт газар хөдлөлт, цунами, АЦС-ын сүйрлээс хойш таван жилийн дараа тус бүс нутагт эвдэрч сүйдсэн барилга байшингууд, хаягдсан хөлөг онгоц, завинууд л үлдсэн нь хүүхэд тоглоомоо тарааж хаясан мэт санагдуулна. Фукушимад тохиолдсон гамшиг 16,000 хүний амийг авч одсон билээ. Мөн 2600 гаруй хүн сураггүй болсон юм. 2011 оны гуравдугаар сарын 13-нд авсан хиймэл дагуулын зураг Номхон далайн хойд эргийн тэрхүү хэсэг бүхэлдээ шар балчиг шавар болсныг харуулж байв.

 

Тэгвэл өнгөрсөн сард авсан хиймэл дагуулын зурагнаас харахад цунамийн ул мөр болох шар шавар одоо ч бүрэн арилаагүй хэвээр байгаа ч зарим хэсгээр ногоо дөнгөж ургаж эхлээд байгаа ажээ.

 

 

Мияги мужийн Кесеннума хот гамшиг сүйрлээс хойш дахин сэргэж, дов толгод нь ногоорч эхэлсэн ч хотын  захад далайн эрэг дээр зэвэнд идэгдсэн хөлөг онгоц үлдсэн нь тэрхүү аймшигтай газар хөдлөлт, цунамийн цорын ганц гэрч болон үлджээ. Фукушимагийн сүйрсэн АЦС-аас зургаан км-ийн зайд орших Томиока тосгон гамшгаас хойш сүнстэй газар мэт болжээ. Учир нь цацраг идэвхит бодис алдагдсанаас тэнд хүн амьтан байх аргагүй болж дүрвэцгээсэн байна. Цацраг идэвхит бодисын түвшин тэнд одоо ч өндөр хэвээр байгаа юм.

 

“Тосгоны иргэдийн дийлэнх нь тийшээ буцаж очих бодлоо орхисон” хэмээн тосгоны иргэн 72 настай Южи Такахаши ярьжээ. Тосгоны оршин суугчид хавар болохоор интоорын мод цэцэглэх үеэр цуглацгааж, сайн ургац авахын тулд залбирцгаадаг байсан тэр газар одоо радио идэвхит хог хаягдлаар дүүрэн гялгар уутнууд, хар хэрээнүүд бас цацраг идэвхийн түвшинг харуулсан хяналтын төхөөрөмж үлдэж хоцорчээ.

 

Харин Фукушима мужийн Минамисома хотод байдал арай дээр. Тэнд цацраг идэвхит бодисын алдагдал бага учраас дүрвэсэн оршин суугчдыг орон гэртээ буцаж очихыг зөвшөөрсөн ажээ.

 

 

Харин таван жилийн өмнө энэ хот цунамийн давалгаанд арчигдсанаас барилга байшингийн дээвэр хууларч, эвдэрч сүйдсэн нь дэлхийн II дайны дараах үеийг санагдуулж байсан юм. Сүйдсэн АЦС-аас 30 км-ийн зайд орших тус хотод одоо сэргээн босголтын ажил ид явагдаж, бульдозерын дуу тасрахгүй хүнгэнэж байна. Минамисома хотынхон аж үйлдвэрлэлийн цогцолбор, нарын эрчим хүчний үйлдвэр байгуулж, оршин суугчдыг цагаан будаа тариалахад нь хөрсийг цэвэршүүлэхээр  ажиллаж байгаа юм. Японы Засгийн газар тус хотод цацраг идэвхит бодисын түвшин хүний эрүүл мэндэд нөлөөлөх түвшинд хүрээгүй учраас гамшгийн дараа орон гэрээ орхисон оршин суугчдыг эргэн очихыг уриалсан юм байна.

 

Цунамид хот сүйрсний дараа орон гэрээ орхиж дүрвэсэн Саюури Танака төрөлх хотдоо буцаж очин сэргээн босголтын газраас холгүй хүүхэдтэй эхчүүдэд үйлчлэх кафе нээн ажиллуулж байгаа гэнэ. Саюури Танака таван жилийн өмнө цацраг идэвхит бодис зургаан настай охиных нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө гэж болгоомжилж, хотоос явсан ажээ.

 

Харин одоо тэрбээр санаа зовж амьдарснаас зориглох нь чухал” хэмээн ярьж байна.

 

Цунамийн гамшигт өртсөн Японы хойд эргийн хот мужуудын зарим нь Польш дах Нацистуудын хорих лагерь, Нью Йоркийн Ихэр цамхагийн суурин дээр боссон “Ground Zero” шиг жуулчдын хөл тасардаггүй газар болжээ. Фукушима мужийн Намиэ хот цунамийн давалгаанд сүйрсэн ч аймшигтай зүйлийн гэрч болсон энэ хотыг зорих жуулчдын тоо нэмэгдсээр байгаа юм.

 

 

Тус хотод одоо жилд ойролцоогоор 2000 орчим хүн очдог болжээ. “Цөмийн сүйрэл ямар аймшигтай хор хөнөөл авчирсныг харуулах газар Фукушимагаас өөр хаана ч байхгүй. Мэдээж Чернобылээс гадна шүү дээ” хэмээн хотын оршин суугч Шиничи Ницума ярьж байна.

 

2011 онд цунами АЦС-ыг сүйрүүлэхэд хотын иргэдийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Гэвч цацраг идэвхит бодисын алдагдал аюултай хэмжээнд байгаа учраас хотын оршин суугчдыг буцаж очихыг зөвшөөрөхгүй байгаа ажээ.  Шиничи Ницума өдгөө 70 настай бөгөөд Намиэ, Фукушима зэрэг хориглосон бүсийг жуулчдад үзүүлдэг сайн дурын 10 хүний нэг юм.

 

Фукушимагийн сүйрлийн дараа цацраг идэвхит бодисын аюулаас сэрэмжилсэн олон нийтийн шаардлагаар Японы Засгийн газар АЦС-ын цөмийн реакторуудыг түр зогсоосон.

 

Гэвч байгалийн нөөц баялаг багатай энэ улсад цөмийн эрчим хүч зайлшгүй хэрэгтэй гэдэг үүднээс Засгийн газар цөмийн реакторуудаа дахин нээхээр шавдаж байгаа билээ.

 

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна