Э.Бат-Үүл даргыг огцрохыг шаардав

2016 оны 3 сарын 9

Хэлмэгдэгсдийн хөшөөний урд талд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг огцрохыг шаардаж хэсэг иргэд жагсаж байна. Тэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаж Э.Бат-Үүл даргыг орлогч нараа цөөлөхийг хүсэж, энэ сарын 9-ний дотор зургаан орлогчоо ажлаас нь чөлөөлөхийг шаардаж буй юм.

Мөн өнгөрсөн хугацаанд Засаг дарга нарын орлогч нарыг иргэдийн татварын мөнгөөр цалинжуулж, унаа, урсгал зардлыг нь санхүүжүүлдэг байсан нь хотын дарга Э.Бат-Үүл эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл гэж тэд үзжээ. Иймээс  Э.Бат-Үүл даргыг нийслэлийн иргэдээсээ уучлал хүсэж, албан тушаалаас давхар татгалзах ёстой гэж тайлбарлаж байна. Харин Э.Бат-Үүл даргын тухайд дээрх иргэдийн жагсаалыг Үндсэн хуульд заасан үг хэлэх эрх чөлөөгөө эдэлж буй явдал. Хуулийг хэрхэн харж, яаж тайлбарлах нь тэдний эрх. Хотын удирдлагын бага УИХ, Засгийн газраас баталсан хууль, журмын дагуу ажиллаж байгаа гэдгээ тайлбарлалаа. Хотын даргын зургаан орлогчийн нэгнийх нь дундаж цалин 800 мянга. 2030 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу орлогч бүр өөр өөрсдийн хариуцсан ажилтай. Иймээс тэднийг албан үүргээс нь чөлөөлөх боломжгүй гэсэн тайлбарыг Э.Бат-Үүл дарга өглөө.

Д.УЛАМБАЯР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна