Цахилгаан холбох хугацааг богиносгохыг үүрэг болголоо

2016 оны 3 сарын 9

Улаанбаатарын утааг багасгах эхний арга бол нүүрсний хэрэглээг багасгаж, цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэх юм. Иймд цахилгаан эрчим хүчний найдвартай, хямд эх үүсвэр чухал. Тиймээс энэ удаагийн “Шийдлийн цаг” уулзалтыг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанид хийж байгааг  Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.

40 гаруй градус хүртэл хүйтэрсэн энэ өвлийг бид өнтэй давлаа. Энэ бол эрчим хүчний салбар, энэ багийнхны хамтын зүтгэл юм гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлээд тус салбарынханд талархал илэрхийллээ.

Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлсэн III цахилгаан станцын 50, IV цахилгаан станцын 123 MBт-ын өргөтгөл, “Амгалан” станц ашиглалтад орсон нь зохих үр дүнгээ өгсөн. Мөн шугам, тойргуудад төсвийн болон бусад эх үүсвэрээр хангалттай хөрөнгө оруулалт хийж байгаа. Шинэ цахилгаан станцууд ашиглалтад ортол одоо байгаа хүчин чадлаараа зохион байгуулалт, хэмнэлтийн зөв зарчмаар ажиллах шаардлагатай. Улаанбаатар орчимд энэ хавар Багануур болон Бөөрөлжүүтийн цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлнэ. Эдгээр станц ашиглалтад ороход цахилгаан эрчим хүчний хангамж нэмэгдэнэ. Энэ тохиолдолд гадаа хэр хүйтэрнээс эс хамаарч дулаан өвөлждөг болно гэлээ.

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ  (УБЦТС) ТӨХК нь 2015 онд төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 51.6 хувийг түгээсэн. Тус компани нийслэлийн 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нутаг дэвсгэрийн 316190 хэрэглэгчдэд үйлчилж байна. Хэрэглэгчийн тоо 2014 онтой харьцуулахад 10.3 хувиар өссөн.

1996 онд түгээх сүлжээний нийт трансформаторуудын 3 хүрэхгүй хувь нь хувийн өмчбайсан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын түгээх сүлжээний нийт трансформаторуудын 62 хувь нь нийтийн бус зориулалттай, хувийн трансформаторууд болж өссөн нь сүлжээний хэвийн, найдвартай ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байна гэж тус компанийн гүйцэтгэх захирал С.Төмөрхүү танилцуулсан юм.  Түүнд энэ хандлагаа өөрчилж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг аль болох дэмжиж ажиллах, энэ шинэ нөхцөлд яаж ажиллах талаар бодлогын шийдвэр гаргах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийнхан www.my.tog.mn сайт ажиллуулж, гар утсаар төлбөр төлөх цахим орчин бүрдүүлж, ТҮЦ машинаар төлбөрийн үлдэгдлээ шалгах, төлөх болон бусад мэдээлэл авах боломж бүрдүүлсэн. Хэрэглэгчийн гомдол санал, хүсэлтийг 70047004 гэсэн суурин утас, facebook, twitter, yahoo messenger ашиглан 20 гаруй мэргэжлийн оператор өдөр бүр үдэш 22 цаг хүртэл авч иргэдэд шуурхай хариулт өгч, асуудлыг шийдвэрлэж ажилаж байгааг Ерөнхий сайд сайшаагаад ийм эерэг, зөв ажлуудаа үргэлжлүүлэн чанартай сайн гүйцэтгэхийг хүслээ.

Дэлхийн банк 2012 оноос эхлэн жил бүр дэлхийн 189 оронд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдүүлж чадсан эсэхэд судалгаа хийж, байр эзлүүлэн “Бизнес эрхлэхүй” (DOING BUSINESS) тайланг нийтэлж байна.Энэхүү судалгааг 10 үзүүлэлтээр дүгнэдгээс “Цахилгаанд холбогдох”, “Зээл авах” гэсэн 2 үзүүлэлтээс бусад нь төрийн үйлчилгээнд хамаарах үзүүлэлт байдаг.

2015 оны статистик мэдээллийг үндэслэн гаргасан “Бизнес эрхлэхүй-2016” тайланд Монгол Улс 134 дүгээр байрт оржээ. Энэ үзүүлэлтийг сайжруулахын тулд ажиллах, энэ байраа урагшлуулах учиртайг Ерөнхий сайд үүрэг болголоо.

Улаанбаатар хотод “Цахилгаанд холбогдох” дундаж хугацаа 2013 онд 126 хоног байсныг 2015 онд 79 болгон бууруулсан байна. Одоо энэ хоногийн тоог 40 болгох, процедурын тоо 8 байгааг 3 болгох учиртай гэлээ.

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дуудлагын төв болон Диспетчерийн үйл ажиллагаатай танилцсаны дараагаар Ерөнхий сайд дараах үүрэг даалгаврыг өглөө. 

Эрчим хүчний зохицуулах хорооноос баталсан “УБЦТС ТӨХК-ийн холболтын төлбөрийн хэмжээг тооцох аргачлал”-ыг 2016 оны 4 дүгээр сард багтаан хэрэгжүүлж эхлэх, холбогдох нэмэлт зохицуулалтын баримт бичгүүдийг батлан гаргахыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, УБЦТС ТӨХК-д,

Мөн УБЦТС ТӨХК-ийн шинэ холболтын үйл ажиллагааны хүрээнд бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг нийтэд ил тод, богино хугацаанд зохион байгуулах талаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж нягт хамтран ажиллахыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газарт,

Нийтийн сүлжээг барьж байгуулах зорилгоор иргэд байгууллагаас төлж байгаа төлбөртэй холбоотой үүсэх татварын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газарт тус тус даалгалаа.

ЭХ СУРВАЛЖ: ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна