Вачовскийн ах дүүс эгч дүүс болон хувирав

2016 оны 3 сарын 9

Матриц киноны найруулагч Энди Вачовски трансжендер гэдгээ зарлаж, нэрээ Лилли болгон өөрчилсөн гэнэ. Хоёр жилийн өмнө түүний ах Ларри Вачовски мөн трансжендер гэдгээ зарлаж, нэрээ Лана болгон өөрчилсөн билээ. Лиллиг трансжендер гэдгээ зарласны дараа шар хэвлэлүүд “Вачовскийн ах дүүс одоо эгч дүүс боллоо” хэмээн бичиж байна.

Харин Лилли энэ талаар “Би ийм гарчигтай мэдээлэл гарахыг хүлээж байлаа. Өнгөрсөн хугацаанд эрэгтэй хүний хувцсанд багтах хэцүү байсан” гэжээ.

Тэрбээр мөн  “ Трансжендер байх амаргүй. Бид чинь  хоёр хүйстэнд хуваагдсан дэлхийд амьдарч байна шүү дээ. Тиймээс трансжендер байна гэдэг бол чамайг дайснаа гэж үздэг дэлхийд үлдсэн амьдралаа өнгөрүүлэх хатуу хорвоо” гэжээ. Лилли трансжендер гэдгээ зарласан ч хүйсээ солиулах мэс засалд орсон эсэх тухай огт дурьдаагүй байна.

Түүний Лана 2012 онд трансжендер гэдгээ зарласнаас хойш Лиллиг мөн трансжендер гэсэн яриа шар хэвлэлээр огт тасраагүй юм. Учир нь Лилли хэвлэлд ярилцлага өгөхөөс үргэлж зайлсхийдэг байжээ. Лана Матриц киноны сүүлийн хоёр ангийн зураг авалтын үеэр эхнэрээсээ салж, сэтгэл санааны хямралд орсон гэдэг. 2009 оноос Лана эргэлт буцалтгүй трансжендер болсон бөгөөд удалгүй өөр эмэгтэйтэй гэрлэсэн юм.

Вачовскийн ах дүүс (одоо бол эгч дүүс) 1996 онд анхны киногоо туурвисан ч “Матриц” киногоор алдар хүндийг олсон байдаг.

Ялгаварлан гадуурхалтын эсрэг ижил хүйстнүүдийн холбоо Лилли Вачовскийн шийдвэрийг талархан хүлээж авсан бөгөөд түүнийг трансжендер гэдгээ хүлээн зөвшөөрөхөд бэлэн болох хүртэл хэн ч хүчээр шахах эрхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна