Зугаацуулагч хүүхнүүдийн тухай кино box office-т тэргүүлэв

2016 оны 3 сарын 9

Дэлхийн II дайны үед Японы цэргүүдэд “зугаацуулагч хүүхэн” нэрийн дор бэлгийн мөлжлөгт өртсөн эмэгтэйчүүдийн тухай кино Өмнөд Солонгосын box office-т тэргүүлж эхэлжээ.

Уран бүтээлчид нь энэхүү киног бүтээхэд 14 жил зарцуулж, дайны хохирогч 75,000 охид эмэгтэйчүүдийн баримт, мэдүүлгийг ашигласан гэж киногоо сурталчилж байгаа юм.

Киноны найруулагч Чо Жүн Рэ 2002 онд бэлгийн мөлжлөгт өртөж байсан, дайны хохирогч настай эмэгтэйчүүдийн асрамжийн газарт сайн дурын ажилтан байхдаа кино хийх санаагаа олжээ.

Тэдгээр хохирогчдын нэг нь түүнд “Хэрэв чи энэ талаар кино хийх гэж байгаа бол маш сайн кино хийх хэрэгтэй. Тэгж байж хүмүүс л бидний ямар зүйл туулсныг ойлгоно” хэмээн хэлсэн нь кино хийх сэдэл өгсөн гэнэ. Дэлхийн II дайны үед Японы цэргүүдийг зугаацуулах зорилгоор бэлгийн мөлжлөгт оруулсан 200,000 гаруй эмэгтэй байсныг гэрчлэх хүмүүс тун цөөхөн үлдсэн юм. Тэднийг “зугаацуулагч хүүхэн” хэмээн нэрлэсэн нэр томъёо хүртэл гарсан байдаг. Бэлгийн мөлжлөгийн талаар ам нээсэн 238 хүний 44 нь одоо хүртэл амьд сэрүүн байгаа ажээ.

“Гэртээ ирсэн нь” нэртэй тус кино хоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийснээс хойш Өмнөд Солонгосын box office-т тэргүүлж, 1,735,174 хүн прокатаар авч үзсэн талаар Солонгосын киноны зөвлөл мэдээлсэн юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Японы Засгийн газар дайны хохирогч болсон тэдгээр эмэгтэйчүүдээс уучлал гуйж, хохирогчдод нөхөн олговор болгож, 8.75 сая ам.доллар олгохоор болсоны дараа киног гаргасан байна.

Уг асуудал нь олон жилийн турш хоёр орны харилцаанд сэв суулгаж байсан юм. Харин Японы Засгийн газар уучлал гуйсны дараа Солонгосчууд, хохирогчдын зарим нь үүнийг эсэргүүцэж, засгийн газар хохирогчдын өмнөөс уучлалыг хүлээж авах эрхгүй гэж эсэргүүцсэн билээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна