Түрээсийн орон сууцны бүртгэл 21-нд эхэлнэ

2016 оны 3 сарын 9

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн дагуу энэ сарын 21-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл бүртгэл явуулахаар болсноо Төрийн орон сууцны корпорациас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд Буянт-Ухаа 2 хороололд 350 орон сууцыг түрээслүүлэх юм. Харин орон нутагт бүртгэлийн өдрүүд ялгаатай. Тухайлбал, Дархан Уул аймагт энэ сарын 14-18-ны өдрүүдэд Дархан суман дахь “Найрамдал хороолол”-д 85 байранд бүртгэл хийнэ. Харин “Аймаг бүрд 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Увс аймгийн Улаангом, Ховд аймгийн Жаргалант, Архангай аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 21-25-ны хооронд тухайн орон нутаг дахь ТОСК бүртгэл хийнэ.  Түрээсийн орон сууцанд орох иргэдийг зорилтот бүлгээр нь зургаан хэсэгт хуваасан. Ингээд тус бүрд нь 5-30 хувийн квот олгожээ.

Тухайлбал, Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настанд 15 хувь, залуу гэр бүл буюу 2016 нэгдүгээр сарын 1-ээс өмнө гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөрт 20 хувь, хувийн байгууллагын ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 30 хувь, төрийн албан хаагчид 15 хувь, байгалийн гамшиг, гэнэтийн аюулд нэрвэгдэж орон гэргүй болсон өрхөд таван хувь, 0-18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд 10 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг халамжилдаг гэр бүлд таван хувийн квот олгож байгаа юм. Хэрвээ бүртгүүлсэн иргэдийн тоо квотоос давсан тохиолдолд сугалаа явуулах замаар тодруулна.

Иргэдийн хувьд хугацаандаа бүртгүүлж амжаагүй, шаардлага хангахгүй шалтгаанаар буцаагдсан тохиолдолд энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 1-ний дотор дахин бүртгүүлэх юм байна.  

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэд дараах шаардлага шалгуурыг хангасан байна. Нэгдүгээрт, Барилга хот байгуулалтын яамнаас гаргасан ерөнхий журмын дагуу бүрдүүлэх материалыг хангана.  Үүнд:

  • Цахим үнэмлэхийн  хуулбар

  • Оршин суугаа хаягийн болон ам бүлийн талаарх тодорхойлолт /тухайн баг,  хороонд хэдэн жил  амьдарч байгааг тодорхойлсон  байна/,

  • Байр түрээслэхийг хүссэн өргөдөл,  орлого тодорхойлох баримт бичиг

  • Өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн байгууллагын лавлагаа

  • Байгалийн гамшиг, гэнэтийн аюулын нөлөөллөөс орон гэргүй болсон иргэд аймаг, нийслэлийн гамшгаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг, нийслэлийнхээ төрийн өмчит орон сууцын корпораци эсвэл аймаг, сумынхаа Засаг даргад хүсэлтээ тавих эрхтэй.

Үүнээс гадна ТОСК-иас гаргасан журмаар зорилтот бүлэг тус бүрээс шалтгаалаад нэмэлт бичиг баримт бүрдүүлнэ. Тухайлбал:

Залуу гэр бүлүүд гэрлэлтийн баталгаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аймаг, хорооны тодорхойлолт

Сарын түрээсийн орлого, амжиргааны зардал бүгд нийлээд нийт орлогын 50-аас доошгүй хувь байх гэх мэтчилэн шаардлагууд бий.

Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа /Гэхдээ зээлийн мэдээллийн сангийн лавлагаа нь зээлтэй хүнд түрээсийн орон сууцанд хамруулахгүй гэх ойлголт биш гэдгийг санууллаа. Гол нь банкны зээлээ төлөөд, давхар түрээсийн төлбөрөө төлөх чадамжтай байхыг нь батлах учиртай аж./

Ямартай ч эхний ээлжид бүртгэл, сугалааг Дархан Уул аймагт явуулж турших юм байна. Ингэснээр журам, сугалааны явцыг илүү боловсронгуй болгосны дараа нийслэлд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна