Сөүл Пхеньяны эсрэг шинэ хориг тавьжээ

2016 оны 3 сарын 9

 

БНСУ-ын засгийн газраас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн шинэ хориг тавьжээ. Өмнөд Солонгосын засгийн газраас Пхеньяны цөмийн зэвсгийн технологи хөгжүүлэлтийг хаах зорилгоор 40 хувь хүн, 30 хуулийн этгээдийг хар жагсаалтад багтаасан байна. Хар жагсаалтад багтсан хүмүүсийн 24 Хойд Солонгосын иргэн бол үлдсэн нь өөр улсын иргэд аж. Тухайлбал, Тайванийн “Royal Team” болон Сингапурын “Senat Shipping” корпорацийн захирлууд хар жагсаалтад багтжээ.

 

Мөн “Ilsim” олон улсын банк, “Rungrado Trading”, “Korea Kumsan Trading” зэрэг байгууллагууд Хойд Солонгост мөнгө шилжүүлэхэд оролцдог гэх хэргээр хар жагсаалтад багтжээ. Жагсаалтад багтсан хүмүүсийн Өмнөд Солонгос дахь хөрөнгийг царцааж байгаа аж. Түүнчлэн Пхеньяны боомтод зогссон ямар ч улсын далбаатай хөлөг онгоцыг Өмнөд Солонгост нэвтрэхийг хоригложээ. Үүгээр ч зогсохгүй Өмнөд Солонгосын иргэдийг Пхеньянд төвтэй Хятад дахь ресторанаар үйлчлүүлэхгүй байхыг уриалсан байна.

 

Пхеньян нэгдүгээр сард цөмийн туршилт хийж, дараа нь хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөснөөр НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьсан билээ. Мөн Япон, Европын холбоо, АНУ, Австрали зэрэг орнууд тус тусдаа Хойд Солонгосын эсрэг хориг тавьжээ.

 

Үүний зэрэгцээ ОХУ болон хоёр Солонгосын хамтарсан Ражин-Хасан эдийн засгийн хамтын ажиллагааны төслийг зогсоож магадгүй гэнэ. Энэ нь  ерөнхийлөгч Пак Кын Хегийн Өмнөд Солонгосыг  Евроазитай холбосон төмөр зам, дэд бүтэц байгуулах “Евразийн санаачилга” төслийн нэг хэсэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: KOREA JOONGANG DAILY

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна