Транзит тээврийг нэмэгдүүлнэ

2016 оны 3 сарын 9

ОХУ-ын Сочи хотноо саяхан 2016 оны транзит тээврийн хэмжээ тохиролцох олон улсын хурал болж, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхээр талуудтай тохиролцсон байна. Тодруулбал, ОХУ-аас БНХАУ-руу Монголын нутгаар дамжуулан тээвэрлэх ачаа нийт 4.1 сая тонн байхаар тогтсон аж. Үүний 2.5 сая тонн нь түүхий нефть байх гэнэ. Цаашид энэ төрлийн бүтээгдэхүүний тээвэрлэлт өснө гэсэн өөдрөг төсөөллийг мөн хийжээ.

Зам тээврийн сайд М.Зоригтын тодотгосноор дамжин өнгөрөх тээврийн хэмжээг 2.1 дахин нэмэгдүүлэхээр тохирсон байна. ОХУ-аас БНХАУ руу 2.5 сая тонн нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Мөн БНХАУ руу экспортоор 6.3 сая тонн ачаа тээвэрлэхээр болсон нь  өнгөрсөн оны гүйцэтгэлээс 928.8 мянган тонноор нэмэгдсэн гэсэн үг аж. Харин БНХАУ-аас импортоор авах ачааны тоо хэмжээ 45 хувь буюу 364 мянган тонноор, БНХАУ-аас ОХУ руу 380 мянган тонн ачаа дамжин өнгөрүүлэхээр тохиролцжээ. Харин ОХУ-аас импортоор 1 сая 574 мянган тонн ачаа, ОХУ руу экспортоор 875 мянган тонн ачааг тус тус тээвэрлэхээр тохирсон нь өнгөрсөн оноос 45.1-226 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэсэн үг аж. Нийтдээ транзит ачааны хэмжээ нэмэгдсэнээр ийн энэ онд манай улсад нэмэгдэх орлого 150 тэрбум төгрөг болж өсөх юм байна.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна