Д.Дорлигжав: Шинэ намд ч маргаан үүсч байна

Хуучирсан мэдээ: 2016.03.09-нд нийтлэгдсэн

Д.Дорлигжав: Шинэ намд ч маргаан үүсч байна

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Ардчилсан намын дүрэмд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж, үүнийгээ Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгажээ. Тус төслөө Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина гэдгээ өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ онцоллоо.

Энэ тухай тэрээр “Би Ардчилсан намын бодлогын зөвлөлд мэдээлэл хийж байхдаа бүлэг, фракцыг байхгүй болгох тухай хөндсөн. Энэ яриа олны дунд хэлэлцүүлэгт орж, янз янзын хариу надад ирж байна.  Төрийн бодлого тогтворгүй, боловсон хүчний бодлого муу, хариуцлага тооцож чаддаггүй, цаашлаад эв нэгдэлгүй, төрийн зарчмыг баримталдаггүй байдал газар авсан гэж  төр засаг, намуудыг нийгэм шүүмжилдэг. Энэ нь төр, засаг гэхээсээ илүү удирдаж байгаа хүмүүс бодлогоо зөв тодорхойлж, боловсон хүчнээ сонгож авдаг байх хэрэгтэй. Нийтийн шүүмжлэл үүнд чиглэж байгаа. Гэтэл удирдаж байгаа хүмүүс нь хуульд буруу өгч, хуулийг өөрчилнө гэдэг. Үүнд нь иргэд төөрч эхэлсэн. Бид хамгийн гол шалтгаанаа олж харахгүй байна. Улс төрийн намуудад байгаа хувийн ашиг сонирхолд автсан явцуу фракцуудын байр сууринаас бүх зүйл үүдэлтэй.  Энэ нь ганцхан Ардчилсан намд байгаа зүйл биш. Монголын бүх намуудад байгаа. Тэр байтугай саяхан шинээр  байгуулагдсан намд ч маргаан үүсч байна.

Амин  хувийн ашиг хонжоо бодсон бүлэглэлүүд боловсон хүчнийг ч зөвхөн фракцын нүдээр харж томилж байна. Өөрийнх нь фракцын л хүн бол чадвар, туршлагыг нь харахгүй байгаа. Үүнээс болж боловсон хүчний томилгооны чанар муудаж байна. Нам дотроо фракцууд тэмцэлдэж, нэг намын хүнээ хүчтэй фракц нь өөрчилж, халж өөрийн хүнээ томилсноос гишүүд нь хоорондоо эвлэрэхийн аргагүй зөрчил үүсгэж байна.

Хэн нэг албан тушаалтантай хариуцлага тооцох гэхээр хүчтэй фракцын хүмүүсийнх нь буруу зөвийг ялгаж, шалгаж болдоггүй асуудал үүсч байгаа. Бодлогын алдаан дээр ч ийм байдал гарч байна. Нэгэнтээ хүчтэй фракц нь шийдвэрлэсэн болохоор бусад нь ямар ч үг хэлээд нэмэргүй.  Бид үүнийг зөв олж харахгүй бол зөв анагааж чадахгүй.

Нөгөө талаас бид хариуцлагагүй задгай байдлаар цаашаа яваад байх боломжгүй. Монгол Улс улс төрийн хувьд ч, олон улсын харилцаанд нь шийдвэрлэж байгаа асуудал нь том болсон. Болох болохгүй зүйл хэлчихээд маргааш нь “Миний буруу” гэж хэлчихээд явж болохгүй. Тиймээс энэ алдаагаа сонгуулиас өмнө засч авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цаашдаа ч үргэлжилнэ. Иймээс Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулъя. Фракцын нам байхаасаа илүү бодлогын улс төрийн хүчин болцгооё гэж уриалж байна. Ардчилсан нам үүнийг анхлан зөв харж, фракцигүй нам болъё гэж бүгд хүлээн зөвшөөрсөн мөртлөө арилгахгүй байна.

Өнөөдөр парламентад суудалтай л бол намуудын фракц гэх бүтэц Монголын бодлогыг тодорхойлж байна. Зөвхөн намуудад байгаа асуудал бол орхиж болох ч парламентад суудалтай намуудын  хувьд төрийн асуудал болон хувирч байна” гэлээ.


Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад дараах хариулт өглөө.

-Таныг намын Бодлогын зөвлөл дээр саналаа хэлэхэд гишүүд тань хэр хүлээж авсан бэ?

-Би энэ төслөө хэрэгжинэ гэж итгэлтэй байна. Энэ саналыг намын гишүүдийн олонх нь хүлээн зөвшөөрч хүлээж авсан.  Тийм учраас зориг гаргаад дэмжих байх гэж бодож байна.

-Фракциудаас үүдсэн албан тушаалын хуваарилалт явж байна. Таны хувьд ямар фракцид хамрагддаг бол?

-Би өдий болтол улс төрд явахдаа фракци гэж хөөцөлдөж явсангүй. Нэг үе Хөгжлийн төлөөх Алтан гадас ассиосаци гэж олон нийтийн байгууллагад явж байсан. Тэр маань бүлэг, фракц болж хувираад хувийн явцуу зүйл рүү орсон. Тийм учраас үйл ажиллагаанд нь оролцохоо байсан. Миний хувьд фракцын сэтгэлгээ байхгүй. Нэг нам бол нэг л нам байх ёстой. Бүгдээрээ нэг зорилгын төлөө унаж тусаад явж байгаа нөхөд. Гэтэл өөрийгөө хэсэг хүмүүсээр хүрээлүүлчихээд энэ нь миний найзууд, үүнд яаж ч хандсан болно гэж бодож байж яаж том зорилгын төлөө явах вэ. Ингэж болохгүй.  Тэр аймгийн, энэ дүүргийн улс төрийн намынхан бужигнаж байна гэж яриад байна. Энэ нь нөгөө л фракцаас үүдэлтэй.

 Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж