Хятадын экспорт огцом буурчээ

2016 оны 3 сарын 9

Хятадын экспорт өнгөрсөн хоёрдугаар сард өмнөх оныхоос 25.4 хувиар буурчээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн хямралын үе 2009 оны тавдугаар сараас хойших хамгийн муу үзүүлэлт юм. Түүнчлэн Хятадын импорт 13.8 хувиар буурсан байна. Хятадын импорт 16 сар дараалан буурсан үзүүлэлттэй гарчээ. Хятадын худалдааны тэнцэл өнгөрсөн хоёрдугаар сард 32.59 тэрбум ам.доллар гарсан нь нэгдүгээр сард 63.29 тэрбум ам.доллар байжээ.

Дэлхийн тэргүүлэх зах зээл болох Хятад, Орос, Бразилийн экспорт, импортын өсөлт буурсан нь дэлхийн худалдааны урсгал буурахад нөлөөлж байгааг Олон улсын валютын сангийн Дэвид Липтон ярьсан байна. Хятадын эдийн засгийн өсөлт буурч өнгөрсөн онд 6.9 хувьтай гарчээ. 

Хятадын худалдааны үзүүлэлт таамаглаж байснаас муу гарснаар олон улсын хувьцааны зах зээлд уналт ажиглагджээ. Их Британи, Герман, Францын индексүүд бүтэн нэг хувиар буурсан бол “Wall Street”, “Dow Jones” индекс 0.7 хувиар буурсан байна. Мөн “FTSE 100” индекс 0.92 хувиар буурчээ.

Түүнчлэн газрын тосны үнийн уналт хувьцаанд нөлөөлсөн байна. “Brent” маркийн газрын тосны үнэ 2.5 хувиар уналж 39.82 ам.доллар болжээ. Уул уурхайн компаниудын хувьцаа ч унасан байна. “Rio Tinto” болон “Antofagasta” компанийн хувьцаа өчигдөр /III.8/ 9 хувиар унажээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна