“Онгорхой шүд”-тэй засаг

2016 оны 3 сарын 10

Н.Энхбаярын эрх мэдлийн шуналаас болж Ч.Сайханбилэгийн засаг бүтэн дөрвөн сарын турш онгорхой суудалтай явж байна. Тодруулбал, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Г.Шийлэгдамбыг  авлигын хэргээр АТГ-аас баривчилснаас хойш Шийдлийн засгийн Эрүүл мэнд спортын сайдын суудал эзэнгүй, Ерөнхий сайдын хувиар Ч.Сайханбилэг танхимынхаа сайдын асуудлыг шийдэж чадахгүй тун төвөгтэй байдалд орчихоод байгаа билээ.

Эрүүл мэндийн салбар өнөөдөр хамгийн хүнд, хамгийн эмзэг салбар болчихоод байгаа. Гэтэл бодлогыг нь зангидах ёстой сайдыг нь одоо хүртэл томилж чадахгүй Ч.Сайханбилэгийг тун төвөгтэй байдалд оруулчихаад буй Н.Энхбаярт улс орноо, иргэдээ бодох сэтгэл байна уу. Эрх мэдэлд хүрч байвал, энэ улсын иргэдийн эрүүл мэнд түүнд хамаагүй гэдгийг эл явдлаас нь харчихаж болохоор.

Үйл явдлыг өрнөлөөс харахад Г.Шийлэгдамбыг УИХ-аас албан ёсоор чөлөөлөөгүй гэвэл тэр Эрүүл мэнд, спортын сайд хэвээрээ гэсэн үг. Гэхдээ мэдээж, авлигын асуудалд холбогдсон хүнтэй нэг баг болж ажиллах нь Ч.Сайханбилэгийн танхимын нэр хүндэд муу. Тэгээд ч хэдийгээр Ц.Оюунбаатараар дамжуулан сайдын суудлаасаа татгалзах өргөдлөө өгсөн явдлаа  өөрөө үгүйсгэсэн ч,  албан тушаалдаа ахиад очихгүй гэдгээ амаараа мэдэгдсэн.

Тэгвэл авлигын хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамба болон Н.Энхбаярыг Шадар сайд болгохын тулд өөрийнхөө хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн Ц.Оюунбаатар хоёрын аль, алиных нь асуудлыг Ерөнхий сайд УИХ-д оруулаагүй, энэ засаг хэзээ бүрэн бүтэн болох нь тодорхой бус байна. Энэ янзаараа бол Н.Энхбаяр гэдэг хүний шуналаас болоод Ч.Сайханбилэгийн засаг “онгорхой шүд”-тэйгээр энэ удаагийн сонгуультай золгож магадгүй нь. Энэ тохиолдолд муу нэрийг нь Н.Энхбаяр гэхээсээ Ч.Сайханбилэг, З.Энхболд хоёр л зүүж үлдэх болов уу?

Шадар сайд болохын тулд Ц.Оюунбаатарыг албан тушаалаасаа чөлөөлөх хүсэлтийг нь Н.Энхбаяр хүчээр гаргуулчихсан. Гэтэл нөгөө талдаа өөрийн хүсэлтээр сайдын суудлаасаа татгалзах өргөдлөө өгсөн Ц.Оюунбаатар Шадар сайдаа хийхийн зэрэгцээ Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэн гурван ч давхар дээл давхарлачихаад байгаа билээ.

Энэ бүх ээдэрсэн үйл явдалд АН буруутай. Ц.Шаравдоржийн хэвлэлийн бага хуралд хэлсэн үг үнэн бол АН-ын дарга нар эхэлж Н.Энхбаярыг өдсөн шүү дээ. "Шадар сайд болгоно" гэсэн холын шуналыг нь өдөөгөөгүй бол иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш асуудал улс төрд  үүсэхгүй байсан болов уу?

Чухамдаа энэ бүх үйл явдалд АН буруутай. Ц.Шаравдоржийн хэвлэлийн бага хуралд хэлсэн үг үнэн бол АН-ын дарга нар эхэлж Н.Энхбаярыг өдсөн шүү дээ. "Шадар сайд болгоно" гэсэн холын шуналыг нь өдөөгөөгүй бол иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш асуудал улс төрд  үүсэхгүй байсан болов уу? Иймээс л Н.Энхбаярт “үгүй” гэдгээ АТГ-аар дамжуулах биш АН-ынхан амаараа ч юм уу, албан бичгээр хэлж, ард урдах ажлаа бодсон нь дээргүй юу.

Алийн болгон ганц хүний шунал хүслээс болж, Монголын төрийн ажил, бодлого шийдвэр нь гацаж байх билээ.

АН болон МАХН-ын дунд үүсэн албан тушаалаас үүдэлтэй ан цавыг Ардын намынхан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хичээж байна. Ямар сайндаа л хонь, чонодоо тулж, хоёр хуваагдсан хэрнээ МАН-ынхан МАХН-ын даргыг тойрч гүйж, тойглож сөгдөх вэ дээ. Сонгууль ойртож байгааг хэлэх үү, асуудлаа зохицуулж чадахгүй байгаа АН-ын арчаагүй байдлыг ашиглан Н.Энхбаяр гэх эмзэг цэг дээр нь тоглолт хийх нь сөрөг хүчний хувьд МАН-ыг буруутгах аргагүй.

Эрхбаригчид Н.Энхбаяр гэдэг хүнийхээ барьцаанаас гарч чадахгүй байгаа нь Ардын намын буруу ч биш. Ядаж л авлигын хэрэгт холбогдсон сайдынхаа асуудлыг УИХ-аар шийдүүлж, дараагийнхаа яриа хэлэлцээрт орсон бол Ч.Сайханбилэгийн нэр хүндэд ч дээр байв. Гэтэл тэр улс төрийн өрөг дээр ямар ч нүүдэлгүй болсон шатрын хүү шиг харагдаж байна. Ойлгомжгүй нөхцөл үүсгээд “онгорхой засаг”-тай сонгуульд орвол АН-д тэр тусмаа З.Энхболдод ашигтай байна гэж үү?

Ж.ЭРХЭС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна