Теннисийн од

2016 оны 3 сарын 10

2004 оны зун 17 настай Мария Шарапова Уимблдоны тэмцээний аварга болсон Оросын анхны тамирчин болсон юм. Уимблдон бол зун болгон зохиогддог теннисийн нэр хүндтэй тэмцээн.  Уимблдон чансаагаараа теннисийн нэр хүндтэй тэмцээнүүд дундаас АНУ, Франц, Австралийн нээлттэй тэмцээний адил “Их дуулга”-ын  дөрвөн тэмцээнтэй тэнцдэг учир тус тэмцээний аварга дэлхийн шилдэг тамирчин гэж цоллуулдаг билээ. Флоридад теннисийн нэр хүндтэй академид олон жил суралцсан Мария Шарапова Уимблдоны түүхэнд гурав дах хамгийн залуу аваргаар нэрлэгдэж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нэг сая ам.долларын шагналтай ялалт байгуулж байв. Тэр цагаас хойш дэлхийн нэр хүндтэй олон компани бүтээгдэхүүний сурталчилгаанд түүнтэй хамтарч ажиллах гэрээ байгуулах болсон юм. 2005 он гэхэд Мария Шарапова Форбес сэтгүүлийн хамгийн их орлоготой 100 эмэгтэй тамирчдын тоонд багтсан байв.

Ээжтэйгээ салах ёс хийв

Мария Шарапова 1987 онд Сибирийн Нягань хотод төржээ. Түүний эцэг Юрий барилгын үйлдвэрт ажилладаг байсан боловч эцэг эх хоёр нь хоёулаа сайн тамирчид байжээ. Шараповагийн эцэг эх хоёр Чернобылийн АЦС-аас холгүй оршдог Украины Гомель хэмээх хотод танилцсан гэдэг. Түүнээс жилийн дараа Мария Шарапова мэндэлжээ. Ээжийг нь хөл хүнд болоход тэд цацраг идэвхит бодисын аюулаас зугатаж, тэндээс нүүхээр шийдсэн байна. Тэднийг Няганьд суурьшсаны дараа Шарапова төржээ. Эцэг эх хоёр нь дөрвөн жил мөнгөө хадгалж, тэндээс Хар тэнгисийн эрэг дээрх гайхалтай хот Сочи руу нүүсэн гэдэг. Теннис тоглох дуртай эцэг эх хоёр нь охиндоо теннисийн цохиур авч өгч, тоглохыг зааж өгчээ. Мэдээж хүүхдийн цохиур олдоогүй учраас теннисийн цохиурыг багасгаж, тайрч өгсөн байна. Шарапова хурдан сурсан учраас түүнийг зургаан настай байхад нь өсвөрийн теннисчдийн тэмцээнд оруулахаар тэднийх Москва руу нүүжээ. Тэмцээнийг Уимблдоны есөн удаагийн аварга Чехийн теннисчин Мартина Навратилова шүүж байсан бөгөөд Шараповагийн ур чадварыг магтаж, Флоридагийн Теннисийн академийн төлөөлөгчтэй холбоо барихыг зөвлөсөн байна. Энэ бол ирээдүйн алдартай теннисчид Андре Агасси, Пит Сампрас, Моника Селес нарын төгсөн гарсан теннисийн тусгай сургууль билээ.

Шараповагийнхан Флорида руу нүүхээр шийдэж, Мария тус сургуульд элсэхээр бэлтгэж байв. Гэвч зөвхөн аавд нь АНУ руу гарах виз олгосон тул ээж нь Сочид виз гарахыг хүлээн хоцрохоос аргагүй болжээ. Үйлдвэрийн жирийн ажилчдын хувьд замын зардлын хэдэн зуун ам.доллар олно гэдэг маш хэцүү даваа байжээ. Учир нь тэр үед ЗХУ задран унасны дараа улс орон нь санхүүгийн ээдрээтэй нөхцөл байдалд байсан юм.

Тэтгэлэг авсан нь

1994 онд Шарапова аавтайгаа Флорида дах Теннисийн академид хөл тавьжээ. Гэвч тус сургуульд зөвхөн урилгаар суралцдаг тул академийн хаалга тэдний өмнө хаагджээ. Мөн 7 настай Шараповаг тус сургуульд элсэхэд хэтэрхий балчир гэсэн гэдэг.

Гэсэн ч тэд Флоридад үлдэж, аав нь охиндоо теннисийн багш хөлслөхийн тулд зөөгч, янз бүрийн ажил хийж байлаа. Шарапова ч дөрвөн сарын хугацаанд англи хэл сайн сурч, ур чадвараа ч сайжруулсан юм. Шараповаг есөн нас хүрэхэд аав нь түүнийг дахин Теннисийн академид дагуулан очиж бүртгүүлжээ. Охин сайн тоглодог гэдгээ баталж чадсан тул түүнд жилийн 46,000 ам.долларын тэтгэлэг олгосон юм. Энэ үеэр ээжид нь АНУ-ын виз гарсан тул тэд халуун ам бүлээрээ байх болжээ.

Гэвч удалгүй Шарапова хилийн чанадад сурахаар болсон юм.  Шарапова хожим тэр үеийг маш хэцүү цаг үе байсан гэж дурссан юм.  Атаа жөтөө ихтэйгээс гадна дээд ангийн охид түүнийг байнга дээрэлхдэг байсан нь түүнд том сорилт болсон нь гарцаагүй. 13 настайдаа Шарапова анхны том тэмцээнд ялсан юм.

Мэргэжлийн теннисчин болов

Мария Шарапова 2003 онд Японы нээлттэй тэмцээний аварга болж, мөн тэр жилээ Уимблдоны тэмцээнд дөрөвдүгээр үе хүртэл тоглож, 14 настайдаа мэргэжлийн тамирчин болохоо батлан харуулсан юм. 2004 онд ганцаарчилсан төрөлд шалгарч, Уимблдоны аварга болсон Оросын анхны тамирчин болсон. 2006 он гэхэд Мария Шарапова дэлхийн чансаагаар дөрөвдүгээрт бичигдэх болж, тэр жилээ АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болсон билээ.

Амжилтууд

2007 онд мөрөндөө гэмтэл авч, бас бус бэртэл түүний ялалтыг булаасан боловч тухайн оны шилдэг таван эмэгтэй тамирчны нэг болсон. Мөрний гэмтлээс болж  2008 олигтой амжилт гаргаагүй Мария Шарапова 2009 онд мэс засалд орж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэсний дараа 2011 онд их спортдоо эргэн ирж, тухайн жил чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн юм.

2012 оны зургадугаар сард Мария Шарапова Францын нээлттэй тэмцээнд Сара Эрранийг хожиж,  Их Дуулгын хамгийн олон түрүү авсан 10 дах тамирчин болсон юм. 2012 оны Олимпийн наадамд Мария Шарапова маш амжилттай оролцсон бөгөөд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медалийн төлөө АНУ-ын теннисчин Серена Уилльямсд хожигдож мөнгөн медальтай гэртээ харьсан билээ.

Хувийн амьдрал

Теннис тоглоогүй үедээ Мария Шарапова “Nike”, “Tiffany & Co.” зэрэг  дэлхийн нэр хүндтэй, том компанийн зар сурталчилгааны нүүр царай болж, сая саяыг олдог. Шарапова 2009 онд Словенийн мэргэжлийн сагсан бөмбөгч Саша Вуячичтай танилцаж, 2010 онд сүй тавьсан. Гэвч 2012 оны АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр сүйгээ цуцалсан гэж мэдэгдсэн юм.

Сэргээш

Харин саяхан Мария Шараповагийн Австралийн нээлттэй тэмцээний сэргээшний хариу эерэг гарсны дараа түүнтэй гэрээ байгуулсан компаниуд гэрээгээ цуцалж эхэлсэн билээ. Сэргээшний хариу эерэг гарсан нь Мария Шараповагийн хэрэглэж байсан мельдоний нэртэй эмнээс болжээ. Теннисчин уг эмийг 2006 оноос хойш эмчийн зөвлөснөөр хэрэглэж байжээ. Харин Дэлхийн допингийн эсрэг агентлаг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ эмийг сэргээшний төрлийн эм бэлдмэлийн жагсаалтад оруулсныг тэрбээр мэдээгүй хэмээн ярьсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна