“Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно

2016 оны 3 сарын 10

Өнөөдөр хаана юу болох вэ?

09:00 цагт НИТХ-ын ээлжит бус хуралдаан “Хангарди” ордны 14 давхарт болно. Хуралдаанаар “Аюулгүй хот” төслийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэнэ. 

09:00 цагт Гадаад хэргийн яамны “Их Номин” танхимд “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмын үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан хөтөлбөрийн менежер хатагтай Шазира Завави, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр нарын хүмүүс оролцож сонирхолтой илтгэлүүдийг тавьж мэдээлэл өгнө.

09:30 цагт Газар тариалан нь улс орны хувьд нэн чухал салбар бөгөөд байгалийн хүчин зүйлсэд нэн өртөмтгий учир газар тариалангийн эрсдэлийг даатгалын хэлбэрээр хамгаалах зорилготой Газар тариалангийн даатгалын бүтээгдэхүүнийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлж байна. Тус даатгалыг “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК нь тодорхой сумдад туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан зөвлөлдөх уулзалт зохион байгуулахаар боллоо. Зөвлөгөөнд Монгол Улсын Сангийн яам, Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Ус цаг уур, орчны шинжилгээний газар, Газар тариаланчдын холбоо, газар тариалан эрхлэгчид болон 16 даатгалын компанийн төлөөлөл оролцоно.
Уулзалт “Blue Sky Tower”, “TOPAZ” танхимд болно. 

10:00 цагт Ачтан эмнэлэг дээр "Эмийн зохистой хэрэглээ" сэдэвт өдөрлөг нээлтээ хийнэ. Тус өдөрлөгийн үеэр НМХГ-аас эмийн жор бичилтийн стандарт, шаардлага, эмийн зохистой хэрэглээний талаар сургалт явуулна. Түүнчлэн Ачтан эмнэлэгээс иргэдийг үнэ төлбөргүй амбулаторийн үзлэгт хамруулан зөвлөгөө мэдээлэл өгнө. 10-17 цагийн хооронд өдөрлөгийн үйл ажиллагаа болно. 

11.00 цагт ЗТЯ-ны сайд М.Зоригт аврах ажиллагаанд сайн дураараа оролцсон авто клуб, хувь хүмүүсийг ЗТЯ-ны байранд хүлээж авч уулзан талархал илэрхийлнэ. Уулзалтад Зам, тээврийн сайд М.Зоригт, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, ЗЦГ-ын дарга Ү.Зоригтбаатар болон бусад албаны хүмүүс Монголын бартаат замын спортын холбоо, клубуудын төлөөлөлтэй уулзана. Өнгөрөгч 7 хоногт болсон цасан шуурганы үеэр өөрсдийн санал санаачилгаар иргэдэд тусалсан залуус ирнэ. 

11:00 цагт нийслэлийн Иргэний танхимд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн нээлт болно.

11:00 цагт АСЕМ-ын Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал болно. АСЕМ-ын Бэлтгэл ажлын алба болон УИХ-ын Тамгын газраас хамтран ирэх 4 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалт зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү хурлын талаарх хэвлэлийн бага хурал маргааш болно. Хуралд УИХ-ын Тамгын газар болон АСЕМ-ын БАА-ны холбогдох албан тушаалтнууд оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. 

11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намд мянган ээжийн баярыг луйвардуулсан талаар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос мэдээлэл хийнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна