Буриадын Ерөнхийлөгчийн тэмцээнд манай 25 бөх зодоглоно

2016 оны 3 сарын 10

ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит чөлөөт бөхийн ХХI удаагийн уламжлалт олон улсын тэмцээн Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт энэ сарын 14-15-ны өдрүүдэд болно.

Буриад улсын Биеийн тамир, спортын агентлаг, Буриадын чөлөөт бөхийн холбоо хамтран зохион байгуулж байгаа тус тэмцээнд гадаадын 11 орон, ОХУ-ын бүрэлдхүүний 8 бүгд найрамдах улс, хязгаар, мужийн бөхчүүд өрсөлдөнө. Тэдний дотор олимпийн хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Билял Махов, дэлхийн аварга Абдусалам Гадисов , европийн аварга Александр Богомоев нар байна.

Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхийг 90 мянган рублиэр урамшуулах юм байна.

Тэмцээнд манай улсаас Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Г.Мандахнаран, Н.Ням-Очир, П.Өнөрбат, олон улсын хэмжээний мастер С.Батболд, Б.Батзориг, Б.Батмагнай, Д.Гомбодорж, Н.Золбоо, Г.Идэрхүү, Н.Лхамгармаа, Б.Нэмэхбаяр, П.Өсөхбаатар, Т.Лувсандорж, Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат нарын 25 бөх зодоглохоор болжээ.

Багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Д.Бумбаяр, дасгалжуулагчаар эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, шүүгчээр олон улсын шүүгч С.Ганзориг, эмчээр Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Спортын анагаах ухааны албаны эмч Ж.Баатар нар явжээ.
Өнгөрсөн жилийн тэмцээнээс Д.Цогтбаатар, Ж.Чулуунбат хоёр алтан медаль авсан байна.

МЧБХ.Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна