Хойд Солонгос дахин пуужин харважээ

2016 оны 3 сарын 10

 

Хойд Солонгос өчигдөр /III.9/ богино тусгалын хоёр баллистик пуужин тэнгис рүү харвасан болохыг БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. Хойд Солонгосын Өмнө Хуанхэ аймгаас хоёр ширхэг пуужин тэнгис рүү харвасан аж. Пхеньяны харвасан пуужингууд 500 км зайнд тэнгист унасан байна. Энэ нь АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан өргөн хүрээтэй цэргийн сургуулилт хойгт үргэлжилж буйтай холбоотой аж. Пхеньян нь АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг “аюулгүй байдлын заналхийлэл”, “дайны өдөөн хатгалга” хэмээн хүчтэй эсэргүүцдэг юм.

 

Өмнө нь өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьсны дараа Пхеньян дунд тусгалын зургаан ширхэг пуужин тэнгис рүү харваж эсэргүүцлээ илэрхийлж байв. Түүнчлэн Хойд Солонгосын эрдэмтэд баллистик пуужинд багтахуйц  цөмийн хошуу бүтээсэн гэдгийг удирдагч Ким Чен Ун мэдэгдсэн билээ. Хойд Солонгос өнгөрсөн нэгдүгээр сард дөрөв дэх удаагийн туршилтаараа устөрөгчийн бөмбөг туршсан хэмээн мэдээлж байв.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна