“Зика” харанга дэлдсээр

2016 оны 3 сарын 10

Дэлхийн 30 орчим оронд Зика вирусын халдвар илэрч тэр хэрээрээ өвчний аюул нэмэгдсээр байна. Ургийн гажиг болон тархины саажилт үүсгэдэг нь тогтоогдоод буй Зика вирусын халдвар хөрш ОХУ болон Хятадад зөөвөрлөгдөн орж иржээ. Хятадад энэ гуравдугаар сарын байдлаар 12 хүн гадаад оронд аялж явахдаа шумууланд хазуулснаас Зика вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгджээ. Өдгөө өвчний голомт болоод буй Бразиль улсад Зика вирусын халдвар 2014 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зөөвөрлөгдөн ирсэн аж. Тэгвэл энэ зун Бразильд Олимпын наадам болох бөгөөд  халдвар тархалтыг улам нэмэгдүүлэх эрсдэл өндөр байна.

 

Зурагт Зика вирусын халдвар хэрхэн нүүх маягаар тархаж байгааг харуулжээ

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Зика вирусын халдвар тархалтын эсрэг олон улсад онц байдал зарласан билээ. Эрс тэс уур амьсгалтай Монголд халдвар гарахгүй гэх баталгаагүй. Халдвар тархаад буй Өмнөд Америк, Африк, Ази, Карибын орнуудад байхдаа шумууланд хазуулаад Монголд ирсэн хүн халдварын тээгч болох аюултай юм. Мөн дээрх орнуудаас тээвэрлэгдэн ирсэн ачаа тээшинд ч вирусийн халдвар тараагч шумуул байх магадлалтай.

 

Зурагт Зика вирусын улмаас жижиг тархитай төрсөн хүүхдийг эрүүл хүүхэдтэй харьцуулжээ

 

Зика вирусын халдвар жижиг толгойтой, оюуны хомсдолтой хүүхэд төрөх эмгэгт нөлөөлдөг болохыг эрдэмтэд батлаад байна. Шумуулын хатгалтаар дамжин халддаг Зика вирус нь жирэмсэн эмэгтэйд халдсанаар ургийн тархины хөгжлийг зогсоож, жижиг толгойтой, оюуны хомсдолтой хүүхэд төрхөд нөлөөлдөг аж. Гэхдээ Мексик улсад халдвартай эхээс эрүүл хүүхэд төрсөн талаар мэдээлж байв. Жижиг тархитай төрсөн хүүхдүүд оюун ухааны хомсдолтой, хараа, сонсгол муутай байдгаас насан туршийн асаргаанд байх болдог юм. Өдгөө Латин Америкийн орнуудад  4000 гаруй жирэмсэн эхэд уг вирус илэрчээ.

 

 

Түүнчлэн Зика вирусын халдвар тархины саажилтын Гийена-Барре синдром өвчнийг үүсгэдэг байж болохыг эрдэмтэд судалж байна. Бразиль, Колумб, Эль-Салвадор, Суринам, Венесуэл улсад Гийена-Барре синдром өвчтэй хүмүүсийн тоо огцом нэмэгдсэн нь Зика вирусын халдвартай холбоотой хэмээн ДЭМБ мэдээлжээ. Гийена-Барре синдром өвчний үед дархлааны систем захын мэдрэл рүү довтолсноос булчин сулрах эмгэг үүсдэг байна. Зарим тохиолдолд амьсгал тасалдах хүндрэл ажиглагддаг аж.

 

 

Үүний зэрэгцээ АНУ-д Зика вирусын халдвар бэлгийн замаар дамжсан 14 тохиолдол бүргэгдсэн байна. Эдгээрийн дунд жирэмсэн эмэгтэйд бэлгийн замаар халдвар дамжсан тохиолдол байгаа аж. Зика вирус бэлгийн замаар халдсан тохиолдол анх АНУ-ын Техас муж улсад бүртгэгдсэний дараа халдвар гарсан орнуудад аялаад ирсэн хүмүүсийг бэлгэвч хэрэглэхийг уриалж байсан юм.  Зика вирус халдвартай хүний үрийн шингэнээр эрүүл хүнд халдсан тохиолдлыг эрдэмтэд судалж байна.

 

 

Зика вирус халдвар зарим хүмүүст илрэхгүй уддаг бөгөөд ханиадтай төстэй шинж тэмдгээр илэрдэг юм. Ихэвчлэн халдвар авсан хүнд толгой өвдөх, халуурах, тууралт гарах, нүд улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг байна. Уг вирус анх 1947 онд Уганда улсын Зика нэрт ойд амьдардаг сармагчнаас илэрсэн тул ийн нэрлэжээ. Зика вирусын эсрэг вакциныг гаргаж авахаар олон улс ажиллаж байна.

 

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна