Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг шаардав

2016 оны 3 сарын 10

 

Ираны “Исламын хувьсгалын хамгаалагчид” хүчин цэргийн сургуулилтын үеэр хоёр баллистик пуужин хөөргөснийг АНУ хүчтэй эсэргүүцэж байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон баллистик пуужин хөөргөснийх нь төлөө Ираны эсрэг хориг арга хэмжээ авахыг шаарджээ. Өмнө нь АНУ-ын төрийн департментаас Иран баллистик пуужин хөөргөсөн нь батлагдвал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хандана гэдгийг мэдээлж байв. Түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри пуужин хөөргөсөн гэх асуудлаар Ираны талтай утсаар ярьжээ.

 

Ираны хойд хэсгээс хоёр ширхэг “Qadr” пуужин хөөргөсөн нь 1400 км зайд байрлах байг оносон тухай Тегераны “ISNA” телевизээр мэдээлсэн аж. Пуужин дээр “Израйль түүхийн хуудсаас арчигдах ёстой” гэсэн бичиг байсан талаар зарим эх сурвалж мэдээлжээ.

 

“Исламын хувьсгалын хамгаалагчид” хүчний бригадын генерал Амир аль-Хажизадех “2000 км тусгалын радиустай эдгээр пуужин бидний дайсан  сионист дэглэмийг аюулгүй зайнаас устгах зориулалттай” хэмээн мэдэгдсэн аж. Иранаас Израйль улсын хамгийн ойрын бай нь 1000 км-т Тел Авив болон Йерусалим хотууд оршдог байна. Израйлийн батлан хамгаалахын сайд Моше Яалон Иран улс баллистик пуужин хөөргөснөөр өнгөрсөн нэгдүгээр сард дэлхийн гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээг зөрчиж, дайсагнасан үйлдэл гаргалаа хэмээн буруутгажээ.

 

Хиллари Клинтон АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн дор төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан билээ. Тэрбээр ирэх арваннэгдүгээр сарын 8-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж буй.

 

Иран нь Барууны гүрнүүдтэй цөмийн гэрээг амжилттай байгуулснаар олон улсын хоригоос чөлөөлөгдөн гадаадын хөрөнгө оруулагчдыг татаж, газрын тосоо гадагш худалдаалан эдийн засгаа тэлэхийг хичээж байгаа билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна