Далан нурвал цунамийн гамшиг учирна

2016 оны 3 сарын 10

 

Иракийн Мосул хотноо орших усан цахилгаан станцын далан нурвал цунамийн хөнөөлтэй дүйхүйц гамшигт нөхцөл байдал үүсэхийг АНУ-ын албаныхан мэдэгдэж байна. 1980-аад онд баригдсан Тигр мөрний усан цахилгаан станцын даланд олон тооны хагарал, ан цав үүссэн аж. Хэрэв уг далан нурвал 14 метр хүртэл өндөртэй усан давалгаа замдаа таарсан бүхнийг газрын хөрснөөс угаан цэвэрлэх аюултай гэнэ. Улмаар 500 мянгаас сая давсан тооны хүн гамшигт өртөх гэнэ. Энэ асуудлаар  НҮБ дэх АНУ болон Ираны элч төлөөлөгчид бусад мэргэжилтнүүдтэй хуралдсан байна. Далангийн барилгын нөхцөл байдлыг АНУ-ын армийн инженерүүд судлан шинжилж байгаа аж.

 

Үүний зэрэгцээ Иракийн засгийн газраас даланг засварлуулахаар Италийн “Trevi” групптэй 273 сая еврогийн гэрээ байгуулжээ. Италийн талаас даланг хорлон сүйтгэх ажиллагаанаас хамгаалахаар 450 цэргийг илгээхээр төлөвлөж байгаа гэнэ. Өмнө нь 2014 оны наймдугаар сард “Исламын улс” бүлэглэлийн дайчид даланг эзлээд байсныг Иракийн засгийн газар хоёр долоо хоногийн дараа чөлөөлж, хамгаалалтадаа авчээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна