250 гаруй улстөрч Монголд ирнэ

2016 оны 3 сарын 10

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан есөн арга хэмжээний эхнийх нь ирэх сард Монгол Улсад болох гэж байна. Тухайлбал, Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалтыг ирэх сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулна. Уулзалтад өнөөдрийн байдлаар 23 орны 100 гаруй парламентын гишүүд оролцохоор бүртгүүлжээ. Гэхдээ нийтдээ 250 гаруй төлөөлөгч ирэх болов уу гэсэн тооцоотой байгаа талаар УИХ-ын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэллээ. Одоогоор гурван орны парламентын спикер, зургаан орны дэд спикер хүрэлцэн ирэхээр бүртгүүлжээ.

Энэ удаагийн уулзалтыг “АСЕМ-д Ази, Европын парламентын гишүүдийн үүрэг оролцоо” сэдвээр зохион байгуулах юм. Уулзалтаар улс төр, эдийн засаг, нийгэм соёлын хүрээн дэх парламентын үүрэг оролцоо, хамтын ажиллагааг голчлон хэлэлцэх юм байна.  

АСЕМ-ын өмнө есөн уулзалтын эхлэл гэдэг утгаараа энэ удаагийнх нь томоохон ач холбогдолтой гэдгийг АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дэд дарга Б.Баясгалан онцоллоо. Учир нь Ази, Европын уулзалтаас гарсан үр дүнг АСЕМ-ын үеэр танилцуулна. Ингээд АСЕМ-ын уулзалтын дараа гаргах тунхагт томоохон орон зайг эзлэх юм байна.

Монгол Улс АСЕМ-ын дээд түвшний уулзалтад нарийн төлөвлөгөөний дагуу бэлтгэл хийж байгаа аж. Тухайлбал, уулзалтыг зохион байгуулах Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллаж байгаа юм. Үндэсний зөвлөлийн дэргэд зургаан ажлын хэсэг, бэлтгэл ажлын алба, улс орнуудыг хариуцсан ажилтнууд томилогдон ажиллаж байгаа юм. Мөн зохион байгуулалтын үйл ажиллагаанд туслах сайн дурын 1000 ажилтан бэлтгэж, хувийн хэвшил, төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог хангахаар ажиллаж байгаа талаар мэдээллээ.

Долоодугаар сард АСЕМ-ын дээд түвшний уулзалтаас өмнө дараах есөн арга хэмжээ болно.

  1. Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт    – Дөрөвдүгээр сарын 21-22

  2. АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт                       - Тавдугаар сарын 12-13

  3. АСЕМ-ын сангийн сайд нарын 12 дугаар уулзалт                   - Зургадугаар сарын 9-10

  4. Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт – Зургадугаар сарын 20-21

  5. Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт                         -Долдугаар сарын 1-2

  6. АСЕМ-ын залуучуудын чуулган                                                     - Долдугаар сарын 6-7

  7. Редакторуудын дугуй ширээний наймдугаар уулзалт             - Долдугаар сарын 9-10

  8. АСЕМ-ын ахлах албан тушаалтнуудын уулзалт                          - Долдугаар сарын 12-14

  9. Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт                  -  Долдугаар сарын 13-14

АСЕМ-ын уулзалтын үеэр улс төрийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, үй олноор хөнөөх зэвсэг, улс хоорондын шилжилт хөдөлгөөн, хүний эрх, даяаршлын үр нөлөө зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх, худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжих, санхүүгийн салбарт Ази, Европын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэнэ.

Гуравдугаарт, соёлын солилцоо, иргэдийн солилцоо, иргэний нийгэм, төрийн бус байгулулагуудын хамтын ажиллагаа зэрэг чиглэлүүдэд Ази, Европын харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чиглэх юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна